Монгол сурагч газарзүйн "iGeo-2026" олон улсын олимпиадаас алтан медаль хүртлээ
Монголоос газарзүйн олимпиадад оролцсон сурагчид.

Монгол сурагч газарзүйн "iGeo-2026" олон улсын олимпиадаас алтан медаль хүртлээ


   Газарзүйн "iGeo-2026" олон улсын 22 дугаар олимпиад Туркийн Истанбул хотод энэ сарын 11-17-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус олимпиадад Монголоос дөрвөн сурагч оролцсоноос Гёте сургуулийн сурагч А.Амина алтан медаль хүртжээ. Олимпиад бичгийн шалгалт, мультимедиа сорил, хээрийн дадлага ажил гэсэн үндсэн гурван хэсэгтэй бөгөөд манай сурагчид газарзүйн мэдлэгээ ашиглан бодит орон зайн асуудлыг шинжлэх, газарзүйн мэдээллийг тайлбарлах, нотолгоонд тулгуурлан дүгнэлт гаргах, шийдэл боловсруулах чадвараараа 50 орны 180 гаруй сурагчтай өрсөлджээ. Улмаар Монголоос анх удаа Газарзүйн олон улсын олимпиадаас алтан медаль хүртсэн түүхэн амжилтын эзэд болжээ. А.Амина нь улсын хэмжээнд болоод Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад, "OPENGEO" онлайн олон улсын олимпиадын хүрэл медальт сурагч бөгөөд 2026 оны элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч юм. Монголыг төлөөлөн тус олимпиадад "Шинэ-Эрин" сургуулийн сурагч Н.Нараа, Нийслэлийн ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн сурагч Б.Намуухан, "Хобби" сургуулийн сурагч Т.Мичид нар оролцсон бол МУИС-ийн Газарзүйн тэнхимийн багш Ц.Цэндсүрэн, О.Мэндбаяр нар багийг ахалжээ. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.