Испани улсад залуусын дунд дэлгэрээд буй “Март болзоо” гэж юу вэ?
Анд нөхдийн мэдээ
2024-09-04
Испани улсад "Mercadona" хүнсний сүлжээ сүпермаркет ганц бие залуусын уулзаж танилцах болзооны газар болсон тухай Их Британийн “The Times” сонин мэдээлэв. Цахим сүлжээгээр танилцахад төдийлөн итгэлтэй ханддаггүй залуус таалагдсан хүнтэйгээ биечлэн уулзаж танилцах гэж сүпермаркетаар хошуурч эхэлснээр энэ үзэгдэл олны анхааралд өртжээ. Анх тус улсын алдартай нэвтрүүлэгч Биби Лин сүпермаркетаар зочилж хүнтэй танилцсан тухай бичлэгээ TikTok-т нийтэлсний дараа "Март болзоо" гэх энэ үзэгдэл залуусын дунд дэлгэрсэн гэнэ. Түүний бичлэгийг 1.5 сая гаруй хүн үзсэн байна. Бас өөр нэг реалити шоуны оролцогч хайраа олохын тулд сүпермаркет руу явдаг гэдгээ илчилсэн нь үүнд бүр түлхэц болсон бололтой. Тэрбээр “Mercadona”-д очиж шинэ хүмүүстэй танилцахыг хүсвэл доорх алхмуудыг дагана уу” гэсэн зөвлөгөө хүртэл өгчээ. Үүнд “Орой 19-20 цагийн хооронд уг дэлгүүрт очиход жимсний лангуун дээр ханборгоцойг доош харуулаад барьчихсан залуус тааралдана. Тэднээс таалагдсан хүндээ ойртож очоод түрж яваа тэргийг нь санамсаргүй мэт харагдахаар зөөлөн мөргөөрэй. Үүнээс цаашхыг өөрөө шийд” гэсэн байна. Тус улсад ханборгоцой жимсийг ганц бие залуус өөрийгөө илэрхийлэх бэлгэдэл болгодог аж. "Март болзоо"-ны энэ өвөрмөц үзэгдэл хэвлэл мэдээллээр гарахын хэрээр бусад дэлгүүрүүдэд ч мөн адил тархах болжээ. Үүнийг дагаад хүнсний дэлгүүрүүдийн орлого эрс нэмэгдсэн болохыг хэвлэлүүд онцолж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.