images

АНУ: 47 жилийн өмнө олдсон цогцос хэнийх байсныг тогтоожээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-09-03


   АНУ-ын Пенсильваниа мужид 47 жилийн өмнө хөлдсөн байдалтай олдсон хүний ​​цогцос хэнийх байсныг саяхан тогтоожээ. Уг цогцсыг анх Аппалачийн нурууны нэгэн агуйгаас олж илрүүлсэн бөгөөд хагас зуун жилийн дараа дэвшилтэт технологи ашиглан түүний хэн байсныг тогтоосон тухай “New York Times” сонин мэдээлэв. Пенсильваниагийн тойргийн шүүх шинжилгээний газар уг этгээдийг Вашингтон хотын иргэн, тухайн үедээ 27 настай байсан Николас Грабб болохыг баталжээ. Гэрийнхэн нь "Никки" гэж дууддаг байсан Н.Грабб Пенсильванийн үндэсний гвардид алба хаагаад 1971 онд халагдсан байна. Цогцос анх олдох үед мөрдөн байцаах албаныхан задлан шинжилгээ хийж, хурууны хээ авсан ч түүнийг 25-35 насны цэнхэр нүдтэй, буржгар улаан үстэй хүн гэдгийг л баталжээ. Тухайн үед хүн амины хэргийн шинж тэмдэг илрээгүй бөгөөд хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа хорлосон гэсэн дүгнэлт гаргаад оршуулсан байна. Харин 2024 оны дөрөвдүгээр сард түүний хэрэг дахин сөхөгджээ. Мөрдөн байцаах албаныхан цогцосыг булшнаас гаргаж, эмнэлэгт шилжүүлэн ДНХ-г нь гарган авч, 1977 онд задлан шинжилгээ хийх үеэр цуглуулсан хурууны хээний эх хувийг олж шинжлэн сураггүй алга болсон хүмүүсийн бүртгэлтэй тулгаж үзсэн байна. Түүний ах дүү нар олон жилийн дараа ийнхүү шарилыг нь олж гэр бүлийн оршуулгын газарт нутаглуулжээ. Шүүхийн шинжилгээний газраас "Түүний үхлийн шалтгааныг тодорхойлох боломжгүй” гэжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.