Паралимпын түүхэнд анх удаа жирэмсэн бүсгүй медаль хүртэв
Анд нөхдийн мэдээ
2024-09-03
Их Британийн байт харвааны тамирчин бүсгүй 31 настай Жоди Гринхэм өнгөрсөн сарын 31-нд долоон сартай жирэмсэн үедээ Парисын Паралимпийн наадмын байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд нутаг нэгт тамирчин Фиби Паттерсон Файныг ялж хүрэл медаль хүртсэн байна. Ж.Гринхэмийн зүүн гар баруунаасаа богино төдийгүй ганцхан эрхий хуруутай төржээ. Тэрбээр нумны барьцыг дүрэм зөрчөөгүй хэмжээнд хүртэл өөрчилж, хөгжлийн бэрхшээлтэй зүүн гараараа барьж чаддаг болсон байна. Ж.Гринхэм Паралимпээс хүрэл медаль авах хүртлээ амаргүй зам туулжээ. 2022 онд дутуу төрсөн тул эдүгээ хэвлийдээ бойжиж буй үрдээ ихэд санаа зовж байсан аж. Тиймээс тэмцээн эхлэхийн өмнөхөн цэнгэлдэх хүрээлэнгээс холгүй орших эмнэлэгт очиж үзүүлж, ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд эх баригч, сувилагч нараас бүрдсэн эмнэлгийн багийг бэлэн байлгах арга хэмжээ авсан байна. Аз болоход харваж байх үед нь элдэв хүндрэл гарсангүй. Тэрбээр хэвлий дэх хүүхдэдээ хандан “Ээж нь чамдаа хайртай. Жаахан тэсээрэй. Яг одоо ээж нь харваандаа төвлөрөх ёстой байна" гэх мэтээр ярилцаж байсан тухайгаа онцолжээ. Ж.Гринхэм энэ удаагийн тэмцээнд оролцохдоо хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд ямар их нөөц боломж байдаг болохыг харуулахыг зорьсон гэдгээ хэлж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.