images

Их Британи: Парисын Олимпын алтан медальт бүсгүй эмч болж ажилдаа оров

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-08-16


   Парисын Олимпоос сэлүүрт завины төрөлд алтан медаль хүртсэн Их Британийн тамирчин 27 настай Имоген Грант Олимпын тоглолт дууссанаас гурав хоногийн дараа эмч болж ажилдаа орсон тухай “Daily Mail” сонин мэдээлэв. Өчигдөр тус улсын  Беркшир муж дахь Үндэсний эрүүл мэндийн албаны (NHS) эмнэлэгт түүнийг шинэ ажилд угтан авах ёслол болсон байна. Тэрбээр өнгөрсөн 2-ны өдөр Парис хотын Далайн цэнгэлдэх хүрээлэнд болсон сэлүүрт завины эмэгтэйчүүдийн хөнгөн жингийн финалд Эмили Крэйгийн хамтаар алтан медаль хүртсэн юм. Түүнийг угтан авах ёслолд эмнэлгийн хамт олон Эйфелийн цамхаг, Британийн далбаа, Олимпын бөгж, алтан медалийг дуурайлган чимэглэсэн Олимпын утга бүхий бялуу бэлджээ. Эмч болж буй тамирчин бүсгүй орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би дахин шинэ сорилтын өмнө тулж ирлээ. Энэ бол миний удаан хугацаанд хүсэн хүлээж байсан ажил" гэжээ. Тэрбээр ажилдаа оронгуут алтан медаль зүүж байсан хүзүүндээ эмчийн чагнуур зүүн ажлын гараагаа эхэлсэн тухай хэвлэлүүд онцолжээ. Кембрижийн их сургуульд анагаах ухааны чиглэлээр суралцаж эхэлсэн оюутан И.Грант 2014 онд нэгдүгээр курст байхдаа сэлүүрт завиар хичээллэж, улмаар гурван ч тэмцээнд түрүүлж байсан байна. 2021 оны Токиогийн олимпод оролцохын тулд гурван жил сургуулиасаа чөлөө авч бэлдсэн ч харамсалтай нь тус Олимпоос медаль авч чадаагүй юм. Дараа нь сургуульдаа үргэлжлүүлэн суралцаж өнгөрсөн жил төгссөн ажээ. 2022-2023 оны хооронд хоёр жил дараалан дэлхийн аварга болсон байна. Харин 2024 оны Парисын Олимпод олон жилийн мөрөөдлөө биелүүлж алтан медаль хүртжээ. Цаашид 2028 оны Лос Анжелесийн олимпод өөр төрлөөр хүчээ сорих бодолтой байгаа тухайгаа хэвлэлд ярьсан байна.

Олимпын амтан медальт эмч бүсгүйг эмнэлэгийн ажилтнууд өвөрмөц хийцийн бялуутай угтан авчээ

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.