Ким Жон Ун үерт нэрвэгдсэн бүс нутгаа соёл иргэншлийн үлгэр жишээ газар болгоно
Анд нөхдийн мэдээ
2024-08-16
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн сарын сүүлчээр болсон үерийн улмаас ихэд сүйдсэн Хойд Пёнган, Жаганг, Янганг зэрэг мужуудаар айлчилж, тухайн бүс нутгийг даруй сэргээн босгоно гэдгээ мэдэгдсэн байна. Тэрбээр үерт нэрвэгдсэн айлуудын гэрээр зочилж "Энэ удаад бид үерт сүйдсэн бүс нутгийг сэргээн босгоод зогсохгүй хотжилт, шинэчлэл, соёл иргэншлийн үлгэр жишээ газар болгоно" хэмээн онцолсон тухай Хойд Солонгосын төв мэдээний агентлаг мэдээлэв. Удирдагч Ким тухайн бүс нутгийн эмзэг бүлгийн хүүхдүүд, өндөр настан, өвчтөнүүд, ахмад дайчид зэрэг хүмүүсийг нийслэл Пёнянъ хотод түр суурьшуулах болсноо мэдэгдэж, үүнээс 13 мянга орчим хүн нийслэл хотдоо байр сууцанд орсон байна. Тэд орон нутгийг нь сэргээн босгох хүртэл “Дөрөвдүгээр сарын 25” нэртэй зочид буудал болон цэргийн сургалтын баазад байрлах ажээ. Уг зочид буудал нь тус улсад томоохон хурал, улсын чанартай арга хэмжээ болох бүрт төлөөлөгчид буудалладаг газар болохыг онцолсон байна.
Нүүр зураг: Үерт сүйдсэн нутгийн иргэд нийслэл Пёнянъ хотод түр суухаар ирсэн нь.
Эх сурвалж: Хойд Солонгосын Төв мэдээний агентлаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.