Франц: Парисын Олимпод оролцсон тамирчин еврейн эсрэг үзэлтэн байсан нь илэрч эрхээ хасуулав
Анд нөхдийн мэдээ
2024-08-16
2024 оны Парисын Олимпын тоглолтод оролцсон Францын хөнгөн атлетикийн тамирчин өмнө нь олон нийтийн сүлжээгээр Израилийн эсрэг олон пост хуваалцаж байсан нь илчлэгдэж, харьяалагдаж байсан холбоо нь түүний тэмцээнд оролцох эрхийг хасчээ. “Le Figaro” сонины мэдээлснээр Парисын Олимпын эрэгтэй, холимог 1600 метрийн буухиа тэмцээнд оролцсон 29 настай Мухаммад Абдалла Кунта нь 2020 оноос эхлэн X хуудсандаа Израилийг онилон үзэн ядсан утга бүхий зураг, бичвэр удаа дараа нийтэлсээр иржээ. Тухайлбал, "Аллах тэнгэр еврейчүүд болон тэдний дэмжигчдийг тамд аваачих болтугай”, "Тэд үүрд зовж тарчлах болно" гэх мэт үгс нийтэлсэн байна. Мөн Олимпын өмнөхөн цусанд будагдсан хувцастай, гартаа туг, зэвсэг барьсан Израилийн тамирчдын зургийг нийтэлж “Хүүхдийн амийг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг Олимпод оролцохыг хориглох ёстой” гэсэн тайлбарын хамт нийтэлжээ. Түүгээр ч үл барам франц болон цагаан арьстнуудыг үзэн ядаж буйгаа илэрхийлж Францыг "Ялзарсан арьс өнгөний үзэлтнүүдийн орон" гэж нэрлэсэн бичлэгийг хүртэл хуваалцсан байна. Түүний энэ үйлдэл олон нийтэд ил болж шүүмжлэл өрнөхөд тэрбээр цахим хуудсаа хэсэг зуур хаалттай болгоод бүх нийтлэлээ устгасны дараа дахин нээлттэй болгон Францын төрийн далбааг нөмөрсөн зургаа нийтэлж “Би ислам шашинт франц хүн гэдгээрээ бахархдаг” гэсэн тайлбар хийжээ. Улмаар цахим хуудсандаа “Хүмүүс миний хуудас руу орж миний сэтгэгдлийг контекстээс нь салгаж тайлбарлан, намайг цагаан арьстны эсрэг, францчуудын эсрэг, еврейн эсрэг үзэлтэй хүн болгон харагдуулж байна. Би бол геноцид, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, шударга бус байдлыг л эсэргүүцдэг хүн" гэжээ. Мөн дээрх үйлдэлдээ уучлал гуйсан ч Францын Хөнгөн атлетикийн холбоо түүний тэмцээнд оролцох эрхийг хасав. Спортын сайд Амели Одеа Кастелла “Холбоо Абдалла Кунтагийн эрхийг түдгэлзүүлж, хэргийг прокурор болон холбооны сахилгын хороонд шилжүүлсэн" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.