ДЭМБ: Африкт онц байдал зарлах эсэхийг хэлэлцэнэ
Анд нөхдийн мэдээ
2024-08-15
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Африкт голчлон тархаж буй MPOX буюу сармагчны цэцэг өвчнөөс сэргийлэх үүднээс Олон улсын эрүүл мэндийн хороог зарлан хуралдуулжээ. Энэ хороо нь өвчнийг Нийгмийн эрүүл мэндэд аюултай онцгой байдлын түвшинд хүрсэн буюу PHEIC зарлах шаардлагатай эсэхийг тодорхойлж, Ерөнхий нарийн бичгийн даргад дүгнэлт гаргаж өгдөг мэргэжилтнүүдийн бүлэг юм. Хэрэв PHEIC зарлавал ДЭМБ өвчнийг дарах судалгаа хийж, санхүүжилт гарган, олон улсын түвшинд яаралтай арга хэмжээ авах юм. Хуралд ирсэн ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюс Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад гарсан “Clade 1b" вирусын халдвар хурдацтай тархаж буйд анхаарал хандуулах шаардлагатай болсныг онцолсон байна. Энэ өвчний тохиолдол сүүлийн нэг сарын хугацаанд Бурунди, Кени, Руанда, Уганда зэрэг улсад бүртгэгдээд байгаа юм. Өвчилсөн хүмүүст ихэвчлэн цэврүүт тууралт гарч эхлээд цочмог халуурах, толгой өвдөх, булчин өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Энэ онд зөвхөн Ардчилсан Конго улсад гэхэд 14479 хүн халдвар авч 455 хүн нас баржээ. Хуралдаанаар PHEIC зарлах эсэхийг шийдэх ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.