Стоунхэнжийн чулууг далайгаар тээвэрлэсэн гэж үзжээ
Анд нөхдийн мэдээ
2024-08-15
Английн баруун өмнөд хэсэгт орших неолитын үеийн чулуун байгууламж болох Стоунхэнжийн төвд байрлах зургаан тонн жинтэй тахилын ширээний чулууг Шотландын зүүн хойд нутгаас авчирсныг тогтоожээ. Эдгээр аварга чулууг далайгаар тээвэрлэсэн байх магадлалтай бөгөөд энэ нь 5000 орчим жилийн өмнөх неолитын үед ийм хэмжээний ачааг тээвэрлэх хэрэгсэл, нийгмийн зохион байгуулалт байсныг харууллаа гэж судлаачид үзжээ. Австралийн Кертиний их сургууль болон Их Британийн Эбериствитийн их сургуулийн судалгааны баг Стоунхэнжийн тахилын ширээний чулуун дахь эрдсийн нас, химийн найрлагад дүн шинжилгээ хийж, энэ нь Шотландын зүүн хойд хэсэгт орших Оркадийн сав газрын чулуутай гарал нэг болохыг тогтоосон аж. Стоунхэнж бол МЭӨ 3100-1600 оны хооронд хэд хэдэн үе шаттайгаар баригдсан, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн чулуун байгууламж юм. Судалгааны баг Стоунхэнжийн байгууламжийн голд байрлах 50 см зузаан, 5 м урт, 6 тонн жинтэй тахилын ширээний чулууны химийн найрлагыг шинжилснээр ийм дүгнэлтэд хүрчээ. Энэ нь 5000 орчим жилийн өмнө байгуулсан асар том байгууламжийн чулуудыг Стоунхэнж рүү 750 км зайг туулан тээвэрлэж ирсэн болохыг харуулж байна. Уг газар орны тухайн үеийн зам харгуй нь ой мод, хад чулуу ихтэй, хуурай газраар тээвэрлэх боломжгүй байсан тул далайгаар тээвэрлэсэн байх магадлал өндөр гэж эрдэмтэд үзжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.