Украины армийн ерөнхий командлагч Олександр Сирський гэж хэн бэ?
Анд нөхдийн мэдээ
2024-08-15
Америкийн улс төрийн мэдээллийн “Politico” сэтгүүл Украины армийн ерөнхий командлагч 59 настай Олександр Сирськийн талаар өчигдөр гаргасан нийтлэлдээ "Тэр бол цэргийн зорилгодоо хүрэхийн тулд зарим зүйлийг золиосолж чаддаг Зөвлөлт маягийн хатуу чанга командлагч" гэжээ. Украины арми амжилттай довтолгоо хийж Оросын нутаг руу цөмрөн орсон энэ үед цэргийн ажиллагааг удирдаж буй ерөнхий командлагчийг тус сэтгүүл онцолсон байна. Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужный өнгөрсөн хоёрдугаар сард гэнэт халагдсаны дараа О.Сирський оронд нь томилогдсон юм. Тэрбээр хуучин ЗХУ-д төрсөн бөгөөд Москвагийн Цэргийн академид суралцаж, 1982 онд сургуулиа төгсөөд ЗХУ задрах хүртэл Афганистан, Тажикистан, Чехословак улсад үүрэг гүйцэтгэж байв. ЗХУ задран унасны дараа түүний харьяалагдаж байсан анги Украины цэргийн командлалд шилжихэд О.Сирський Украинд ирж, украин бүсгүйтэй гэр бүл болж суурьшсан байна.
2022 оны хоёрдугаар сард дайн эхэлсний дараахан Украины нийслэл Киев хотын хуурай замын цэргийн командлагчийн хувьд тэрбээр нийслэл хотыг хамгаалах үүргээ сайн биелүүлсэн гэдэг. 2014 онд ОХУ Крымын хойгийг эзлэн авч өөртөө нэгтгэхэд Украины терроризмын эсрэг ажиллагааны командлагчаар ажиллаж байсан бол дараа жил нь Донбассын дайны ерөнхий командлагчаар томилогдсон юм. Ерөнхийлөгч В.Зеленский түүнийг "Украины хамгийн туршлагатай командлагч" гэж үнэлсэн байдаг. Их Британи улсад Украины Элчин сайдаар ажиллаж байсан В.Залужный мөн Зөвлөлтийн армид алба хааж байсан түүхтэй. Гэхдээ энэ хоёр командлагчийн удирдах арга барил тэс өөр. В.Залужный нь цэргүүдийнхээ амь насыг эрсдэлд оруулахаас зайлсхийдэг, цэргээ хангалттай амраах ёстой гэж үздэг дөлгөөн удирдагч байсан бол О.Сирський нь хатуу чанга зарчимтай, заримдаа хэтэрхий хүйтэн хөндий, догшин ширүүн гэмээр удирдагч ажээ. "New York Times" сонины мэдээлснээр "Зарим цэрэг, офицер түүнийг хуучны үлдэгдэл гэж нэрлэдэг" гэсэн байна. Гэсэн хэдий ч Оросын нутаг руу хийсэн Украины довтолгоог мэргэжилтнүүд түүнтэй холбон үзэж "О.Сирський байсан тулдаа ийм амжилт гаргаж чадсан" хэмээн үнэлж байгаа ажээ. Харин түүний эцэг эх, том ах нь өнөөг хүртэл Орост амьдардаг, ээж нь бүр В.Путиныг талархагч гэдгээрээ алдартай гэнэ. Оросын тал түүнийг украин хүн биш, харин урвагч орос гэдэг. ОХУ-ын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев 2022 онд дайн эхэлсний дараа О.Сирськийг шүүмжилж, түүнийг "Амлалтаасаа буцаж, ойр дотнын хүмүүсээсээ урвасан урвагч" гэж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.