АНУ: Сургууль дээр гар утас хэрэглэхийг хязгаарлана
Анд нөхдийн мэдээ
2024-08-15
Калифорни мужийн амбан захирагч Гэвин Ньюсом тус мужийн бүх шатны сургуульд ухаалаг утасны хэрэглээг хязгаарлахыг уриалсан албан бичиг илгээжээ. Тус мужийн төв хот Лос Анжелесийн сургуулиудад гар утас хэрэглэхийг аль хэдийнэ хязгаарласан ч Калифорнийн хуулиар эцэслэн шийдээгүй байгаа тул бусад хот, дүүргүүдэд ийм бодлогыг хэрэгжүүлж эхлэхийг уриалсан аж. Мөн Өмнөд Каролина мужийн захиргаа ийм бодлого хэрэгжүүлж эхлэх шийдвэр гаргасан байна. Зуны амралт дуусч, хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан тус улсын бүх шатны сургуулиуд гар утасны хэрэглээг хязгаарлах бодлого хэрэгжүүлэхээр санал нэгдсэн ажээ. Энэ талаар “Өсвөр үеийнхэн ухаалаг утас хэтрүүлэн хэрэглэх нь сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Иймээс сургуулиудад ухаалаг гар утас байнга хэрэглэхээс урьдчилан сэргийлэх бололцоотой бүх арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байна" гэж амбан захирагчийн албан захидалд дурджээ. Одоогийн байдлаар АНУ-ын 11 мужийн сургуулиудад гар утасны хэрэглээг хязгаарласан эсвэл бүрмөсөн хориглосон хуулийг баталж, хэрэгжүүлж байна. Мөн эцэг эхчүүд болон багш нар гар утасны хэрэглээг хориглох, хязгаарлахыг дэмжиж байгаа аж. Өнгөрсөн арваннэгдүгээр сард “Pew Research” байгууллагын хийсэн судалгаагаар ахлах сургуулийн 10 багш тутмын 7 нь сурагчид хичээлдээ анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь гар утас болохыг онцолжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.