images

Домогт сагсан бөмбөгч Деннис Родманы охин Парисын Олимпоос алтан медаль авчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-08-13


   АНУ-ын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн баг 2024 оны Парисын олимпод Бразилийн багийг хожиж алтан медаль хүртсэн билээ. Уг тэмцээнд хамгийн их анхаарал татсан тоглогч бол 22 настай Тринити Родман байсан бөгөөд тэрбээр Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн од Деннис Родманы охин юм. Т.Родман энэ удаад АНУ-ын шигшээ багийн хамгийн сайн тоглогч байв. Японы багтай хийсэн шөвгийн наймын тоглолтод тэрбээр цаг сунгасны дараа гоол оруулж шийдвэрлэх мөчид багтаа ялалт авчирсан бөгөөд нийтдээ гурван бөмбөг оруулснаар багийн мэргэн бууч болжээ. Тринитигийн аав Д.Родман бол NBA-гийн түүхэнд домог болсон тамирчин юм. Тэрбээр NBA-гийн "Оны шилдэг хамгаалагч"-ийн шагналыг хоёр удаа хүртэж, таван удаа аварга болж, 2011 онд NBA-гийн "Алдрын танхим"-д бичигдсэн билээ. Д.Родман хэдийгээр сагсан бөмбөгийн онцгой сайн тамирчин байсан ч үе үе дуулиан дэгдээж явдаг нэгэн байв. Гурван удаа гэрлэж, салсан тэрбээр Хойд Солонгост хүртэл хэд хэдэн удаа айлчилж их удирдагч Ким Жон Унтай уулзан нөхөрлөж явсан юм. 2021 онд мэргэжлийн тамирчнаар гараагаа эхэлсэн Тринити Испанийн “Marca” сонин өгсөн ярилцлагадаа “Миний аав агуу тамирчин байсан, би аавынхаа генийг өвлөж авсан” гээд Тринити Родман гэдэг нэрээрээ бахархаж явдаг тухайгаа ярьсан байна. Тэрбээр олон жилийн дараа 2021 онд аавтайгаа уулзсан тухайгаа "Би цочрол, аз жаргал, уйтгар гунигийг нэгэн зэрэг мэдэрсэн" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.