images

Парисын Олимпын үеэр Ким Жон Уныг дуурайсан эрийг цагдаа нар саатуулав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-08-12


   Өчигдөр өндөрлөсөн Парисын Олимпын наадмын үеэр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүрд хувирч, наадмын индэр, үзэгчдийн суудлаар тойрон явсан хятад гаралтай Австралийн иргэнийг Францын цагдаа нар наадмын талбайгаас хөөж гарган баривчилсан байна. Энэ хүн өмнө нь мөн олон улсын хэд хэдэн арга хэмжээнд Ким Жон Уныг дуурайж олны анхаарлыг татаж байв. Мөн Испани, Францын хөлбөмбөгийн шигшээ тоглолтын үеэр Дональд Трампыг дуурайсан өөр нэгэн эртэй хамт цэнгэлдэх хүрээлэнгээс хөөгдөж байсан аж. Ховард Ли хэмээх энэ эр удалгүй цахим сүлжээгээр тайлбар хийж “Ямар ч хууль журам зөрчөөгүй байхад Францын цагдаа нар намайг саатуулсан” гэжээ. Энэ явдлын талаар хэвлэлүүд Олон улсын Олимпын хорооны дүрмийн 50 дугаар зүйлийн “Олимпын цэнгэлдэх хүрээлэн, байгууламжид улс төр, шашин шүтлэг, арьс өнгөөр гадуурхах, өдөөн турхирахыг хориглоно” гэсэн заалттай холбон тайлбарласан байна. Мөн энэ заалтын улмаас Парисын Олимпод "Breaking big girl" төрөлд оролцож, "Афган эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөө" гэсэн уриа тараасан Афганистаны дүрвэгсдийн төлөөлөгч, тамирчин Маниза Таласи Олимпын эрхээ хасуулсан байна. Харин Ховард Ли 2018 оны хоёрдугаар сард Өмнөд Солонгост болсон Пёнчаны Өвлийн Олимпын нээлтийн ёслолд Ким Жонтой адилхан хувцаслан оролцож, мөн оны зургаадугаар сард Хойд Солонгос-АНУ-ын дээд хэмжээний уулзалт болсон Сингапурт бас очиж олны анхаарал татаж байв. 2019 оны хоёрдугаар сард тэрбээр Хойд Солонгос-АНУ-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалтын өмнө Вьетнамын Ханой хотод очиход цагдаа нар түүнийг албадан гаргасан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.