images

Герман: Тэйлор Свифтийн тоглолтыг 20 мянга гаруй хүн уулан дээрээс үзэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-07-29


   Германы Мюнхен хотын Олимпын цэнгэлдэх хүрээлэнд болж буй поп дуучин Тэйлор Свифтийн "The Eras Tour" тоглолтыг үзэхээр 100 мянга орчим хүн цугларчээ. Тоглолтын тасалбар авч чадаагүй олон арван мянган үзэгч цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоох уул толгодыг дүүртэл цугларсан тухай “USA Today” сонин мэдээлэв. Цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд тоглолтын танхимын дотор тал бүхэлдээ харагдахуйц жар гаруй метр өндөр толгод байдаг аж. Иймд тасалбар авч чадаагүй үзэгчид өглөөнөөс эхлэн толгод дээр гарч 30 гаруй хэмийн халуунд майхан босгох, сүүдрэвч барих зэргээр суудлаа эзлэн тоглолт эхлэхийг хэдэн цаг хүлээсэн байна. Олон арван мянган шүтэн бишрэгчдийн уул толгодыг бүрхсэн гэрэл зургууд олон нийтийн сүлжээгээр тархаж, үүнийг олж харсан дуучин бүсгүй тэдэнд хандаж "Намайг ийм халуун дотноор угтан авсан та бүхэнд гялайлаа. Би та бүхэнд зориулан шөнөжин дуулж хариу барих болно” гэжээ. Тоглолт 19:30 цагт эхэлж 23 цагийн орчимд өндөрлөсөн бөгөөд 74 мянга орчим үзэгч тасалбар авч танхимд, 20 мянга гаруй хүн толгод дээрээс үзсэн юм. Өнгөрөгч 17-ны өдөр Герман улсад аялан тоглолтоо эхлүүлсэн Т.Свифт Хамбург, Мюнхен хотуудад долоон удаа тоглож, наймдугаар сарын эхээр Польшийн нийслэл Варшав хотод тоглохоор төлөвлөсөн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.