Хойд Солонгосын дипломатч Өмнөд Солонгост орогнол хүсч иржээ
Анд нөхдийн мэдээ
2024-07-19
АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр Хойд Солонгосоос Куба улсад суугаа Элчин сайдын яамны улс төрийн зөвлөх асан Ли Ил Гю гэр бүлийн хамт Өмнөд Солонгост орогнол хүсч ирсэн байна. Ли нь Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны Кубыг хариуцсан мэргэжилтэн байсан бөгөөд 2019 оны дөрөвдүгээр сараас хойш Куба дахь Элчин сайдын яаманд алба хашиж, Өмнөд Солонгос, Кубын хооронд дипломат харилцаа тогтоох ажлыг саатуулах үүрэг хүлээн ажиллаж байжээ. Түүний талаар АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Ведант Пател хэлэхдээ "Хойд Солонгосын дэглэмээс зугтаах хүсэлтэй ийм хүмүүс олон байдаг нь гайхах зүйл биш" гэсэн байна. Ли хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Хойд Солонгосын иргэн бүр Өмнөдөд очиж амьдрахыг хүсдэг" гээд "Умардын дарангуй дэглэм, бүрхэг ирээдүйн талаарх гутранги үзэл, улмаар энэ нийгмээс зугтах хүсэл намайг эх орноосоо дүрвэх талаар бодоход хүргэсэн” гэжээ. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны нэрэмжит одонгоор шагнуулж байсан, өндөр зэрэглэлийн дипломатч Ли “Үнэндээ Хойд Солонгосын ард түмэн Өмнөдийнхнөөс илүү нэгдэхийг хүсэж тэмүүлдэг. Үр хүүхдүүд минь ирээдүйд илүү сайхан амьдрахын тулд нэгдмэл байх нь цорын ганц зам гэсэн бодол хүн бүрт бий” хэмээн хэлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.