“Toyota” автомашины үйлдвэр Японоос гарах уу?
Анд нөхдийн мэдээ
2024-07-19
Чанарын үзүүлэлттэй холбоотой асуудлын улмаас зарим автомашины үйлдвэрлэлээ зогсоосон Японы “Toyota motors” компанийн ТУЗ-ийн дарга Акио Тоёота Засгийн газраа шүүмжилж "Эх орондоо туйлын хайртай миний бие эх орноосоо дүрвэх талаар таагүй зүйл бодох боллоо” гэсэн байна. “Asahi Shimbun” сонины мэдээлснээр ноён Акио Нагано мужийн буддын сүмд болсон залбирлын арга хэмжээн дээр ийнхүү мэдэгдсэн аж. Тэрбээр хэлсэн үгэндээ "Автомашины үйлдвэр Японоос гарвал манай орны хувьд сүйрэл болно. Хүчтэйг ялан дийлэх нь эрхэм зорилго гэж бодож болох ч хүчтэй нь байхгүй бол улс орон өөдлөхгүй. Уг нь хүчтэй нэгний хүчийг ашиглах ёстой юм” хэмээн онцолжээ. Автомашин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч тус компани одоо үйлдвэрлэж буй гурван загвар, өмнө нь үйлдвэрлэсэн дөрвөн загвартаа чанарын гэрчилгээ авахдаа алдаа гаргасан тухай шүүмжлэл гарч, үүний төлөө уучлал гуйсан юм. Японы Засгийн газар үйлдвэрлэсэн загваруудынхаа тээвэрлэлтийг зогсоохыг үүрэг болгосон бөгөөд “Toyota motors” ирэх сарын сүүлч хүртэл эдгээр загваруудыг үйлдвэрлэхгүй байхаар болж, үүний улмаас хоёр үйлдвэр хаагдсан ажээ. Тус улсын бахархал болсон үндэсний том компани ийм байдалд орсныг улс даяар эмзэглэн хүлээж авсан байна. Чанарын үзүүлэлт дээр асуудал гарсан ч үүнээс болж аюул осол тохиолдоогүй болохыг компани онцолжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.