images

Италийн Венец хот нэвтрэх хураамж авч эхэлсэн ч жуулчдын тоо улам нэмэгджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-07-16


   Италийн Венец хот энэ оноос эхлэн жуулчдаас 5 еврогийн төлбөр авдаг болсон ч өнгөрсөн жилтэй харьцуулахад жуулчдын тоо буурах биш харин ч өсчээ. Тиймээс Венецийн эрх баригчид төлбөр хэтэрхий бага байсан тул жуулчдын урсгалд нөлөө үзүүлээгүй гэж үзэн ирэх жил хотод нэвтрэх хураамжийг хоёр дахин нэмэгдүүлэхээр хэлэлцэж байгаа ажээ. Энэ оны эхээр дэлхийн томоохон хотуудын дунд туршилтын журмаар хэтийдсэн аялал жуулчлалыг бууруулах зорилгоор хураамжийн системийг нэвтрүүлсэн бөгөөд туршилтыг хугацаа өнгөрсөн 14-ний өдөр дууссан юм. Энэ хугацаанд 450 мянга орчим жуулчин Венец хотод нэвтрэхээр хураамжид 5 евро төлсөн нь нийт 2.2 сая евро болжээ. Хотын захиргаа энэ мөнгийг хог хаягдал цэвэрлэх, хотын төрхийг хадгалах зэрэг үйлчилгээнд зарцуулахаар төлөвлөж байна. “Associated Press” агентлагийн мэдээлснээр, хотод нэвтрэх хураамж авч эхэлснээс хойшхи эхний 11 хоногт өдөрт дунджаар 75 мянган хүн Венец хотод зочилсон нь өнгөрсөн жилийн нийтээр тэмдэглэсэн гурван баярын өдрөөс 10 мянган хүнээр илүү байсан аж. Жуулчид олноор ирэхийн хэрээр чимээ шуугиан нэмэгдэх, иргэдийн хувийн нууцад халдах, орон сууцны үнэ өсөх зэрэг асуудлаас болж оршин суугчид төрөлх хотоосоо явах болсон ба Венецийн хамгийн том дүүргийн хүн ам 1961 онд 130 мянга орчим байсан бол өнөөдөр 50 мянга хүрэхгүй болтлоо буурчээ. Хотын эрх баригчид энэхүү бодлогын үр нөлөө туршилтын эхний жилээс харагдахгүй байгааг хүлээн зөвшөөрөөд ирэх жил хураамжийг нэмэгдүүлснээр нөхцөл байдал өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Дэлхийн жишигт нийцсэн, жуулчдын сонирхлыг ихээр татдаг үзэсгэлэнт Венец хотод өнгөрсөн онд 20 сая гаруй жуулчин очсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.