Номхон далайн арлын орнуудын дээд хэмжээний уулзалт Токио хотод болж байна
Анд нөхдийн мэдээ
2024-07-16
Япон улс Номхон далайн өмнөд хэсгийн арлын орнуудад нөлөөгөө өргөжүүлэх зорилгоор гурван жил тутамд зохион байгуулдаг "Номхон далайн арлын орнуудын дээд хэмжээний уулзалт" (PALM) өнөөдөр Токиод болж байгаа тухай NHK телевиз мэдээлэв. 18-ны өдрийг хүртэл гурав хоног үргэлжлэх уг хуралд Палау, Тувалу зэрэг Номхон далайн өмнөд хэсгийн 16 орон, бүс нутгийн удирдагчид, Австрали, Шинэ Зеландын сайд нарын түвшний хүмүүс оролцож байна. 16, 17-ны өдөр Японы ерөнхий сайд Фүмио Кишида болон оролцогч орнуудын төрийн тэргүүнүүд ганцаарчилсан уулзалт хийж, 18-ны өдөр болох дээд хэмжээний уулзалтыг ерөнхий сайд Ф.Кишида даргалж, цаг уурын өөрчлөлт, байгалийн гамшиг, далайн аюулгүй байдал зэрэг тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ. “Kyodo News” агентлагийн мэдээлснээр, энэ жилийн дээд хэмжээний уулзалтын тунхаглалд Хятадын дангаар тэргүүлэх бодлогын эсрэг "Хүч түрэн дангаар статус квот өөрчлөх оролдлогыг бид эрс эсэргүүцэж байна" гэсэн хэллэг багтсан бөгөөд ерөнхий сайд Ф.Кишида энэ үйл ажиллагаанд 60 тэрбум иений дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байгааг онцолсон байна. Японы ерөнхий сайд Фүкүшима Дайчи АЦС-ын бохирдсон усыг (Японы засгийн газар үүнийг цэвэршүүлсэн ус гэж нэрлэдэг) далайд хаях талаар тайлбарлаж, тодорхой зөв ойлголт өгөхөөр төлөвлөж байгаа ажээ. Мөн Японы засгийн газар Тувалу улсад кибер аюулгүй байдлын чадавхийг сайжруулахад туслах зорилгоор харилцаа холбооны тоног төхөөрөмж нийлүүлэхээр болсон байна. Номхон далайн арлын дээд хэмжээний уулзалтыг COVID-19 цар тахлын улмаас 2021 онд онлайнаар зохион байгуулж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.