Хятад улс Палестины сөргөлдөгч хүчний удирдагчдыг Бээжинд урив
Анд нөхдийн мэдээ
2024-07-16
Хятад улс Палестины зэвсэгт ХАМАС бүлэглэл болон Палестины эрх баригч ФАТХ намын өндөр албан тушаалтнуудыг ирэх долоо хоногт Бээжинд урихаар болсон тухай “The New York Times” сонин мэдээлэв. Тус сонин хоёр талын албаны эх сурвалжаас иш татан мэдээлэхдээ Газын зурвас болон баруун эрэгт байрлаж, эрх мэдлийн төлөө удаан хугацааны турш сөргөлдөж ирсэн Палестины улс төрийн бүлэглэлийн хоорондын зөрчлийг намжаахын тулд Хятад улс хүчин чармайлт гаргаж байгааг онцолсон байна. ХАМАС бүлэглэл удирдагч Исмаэль Хание тэргүүтэй төлөөлөгчдөө илгээхээр төлөвлөж байгаа бол ФАТХ намын дэд дарга Махмуд аль-Роул зэрэг гурван албан тушаалтан Бээжинг зорихоор болжээ. Хятадын зүгээс Хятадын Коммунист Намын Гадаад хэргийн төв газрын дарга бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И тэднийг хүлээн авч уулзах ба мөн ХАМАС, ФАТХ хоёр бүлэглэл хоёр талт уулзалт хийх ажээ. Хятад улс өнгөрсөн онд Саудын Араб, Ираны хоорондын дипломат эвлэрэлд зуучлах зэргээр Ойрхи Дорнод дахь харилцаа, нөлөөгөө өргөжүүлэхээр чармайсаар ирсэн юм. Израиль болон ХАМАС-ын хооронд гал зогсоох хэлэлцээр үргэлжилж байгаа ч ХАМАС бүлэглэл ФАТХ намын хамтын ажиллагаа дайны дараах Газын зурвасыг сэргээн босгоход маш чухал болохыг шинжээчид онцолж байна. Палестины ХАМАС бүлэглэл 2007 оноос хойш ФАТХ намын засаглалыг түлхэн унагаснаар Газын зурвасыг бодитойгоор удирдаж байгаа билээ. Харин ФАТХ нам нь Палестины эрх баригч нам боловч одоогоор Баруун эрэгт хязгаарлагдмал хяналттай байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.