images

Европын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Их Британид болно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-07-15


   Пан-Европын орнууд аюулгүй байдлын асуудлаа хэлэлцэж, эв санааны нэгдлээ бэхжүүлэх Европын улс төрийн хамтын нийгэмлэгийн дээд хэмжээний чуулга уулзалт Английн Бленхайм ордонд ирэх 18-ны өдөр болно. Ерөнхий сайд Кейр Стармер Европын 45 орны удирдагчтай уулзаж, цагаачлал, эрчим хүч, аюулгүй байдал, ардчиллыг хамгаалах зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэж Их Британийн Ерөнхий сайдын тамгын газар мэдээлэв. 2022 оны аравдугаар сард эхэлж, дөрөв дэх удаагаа зохион байгуулагдах гэж буй энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад НАТО, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Европын зөвлөл анх удаа оролцох юм. Уулзалтаар Украины асуудлыг голлон авч үзэж тус улсад олон улсын хамтын нийгэмлэгийн цэрэг, санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Уулзалтад Украины ерөнхийлөгч Владимир Зеленский оролцоно гэж “Guardian” сонин мэдээлжээ. Шинээр засгийн эрхэнд гарсан Британийн Хөдөлмөрийн намын засгийн газар энэ уулзалтыг Европын томоохон түншүүдтэй харилцаагаа сайжруулах боломж болгон ашиглахаар чармайж байна. Сонгуулийн үеэр Хөдөлмөрийн нам өмнөх засгийн газрын Brexit (Их Британи ЕХ-ноос гарсан) бодлогын улмаас холдож хөндийрсөн Их Британи болон Европын томоохон түншүүдийн хоорондын харилцааг сэргээх амлалт өгсөн билээ. Ерөнхий сайд К.Стармер хэлэхдээ "Их Британи улс Европын түншүүдтэйгээ харилцах арга барилаа өөрчилж, хэд хэдэн сорилтод ахиц дэвшил гаргахын тулд нягт хамтран ажиллах болно” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.