Майкл Блүүмберг төрөлх сургуулийнхаа оюутнуудын сургалтын төлбөрийг бүрэн төлөхөөр болов
Анд нөхдийн мэдээ
2024-07-14
АНУ-ын Жонс Хопкинс их сургуулийн Анагаах ухааны сургуульд одоо суралцаж байгаа болон ирээдүйн суралцах оюутнуудын гуравны хоёр нь энэ намраас эхлэн сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөх болсон байна. Эдгээрээс амьдралын боломж муутай айлын хүүхдүүд сургалтын төлбөрөөс гадна амьжиргааны зардлын тэтгэлэг авахаар болжээ. Жонс Хопкинс их сургууль нь хувийн сургууль юм. Хувийн сургуулийн оюутнуудад ийнхүү өгөөмөр сэтгэлийн дэмжлэг үзүүлэх болсон эрхэм бол тус сургуулийн төгсөгч, Нью-Йорк хотын дарга асан, “Bloomberg Communications” компанийг үүсгэн байгуулагч 82 настай Майкл Блүүмберг ажээ. Түүний буяны үйлсийн байгууллага болох “Bloomberg Philanthropies” сан тус их сургуульд нэг тэрбум долларын хандив өргөх болсноо мэдэгдэж, энэхүү мөнгийг оюутнуудын сургалтын төлбөр болон амьжиргааны зардалд зориулахыг хүссэн байна. Энэ тухайгаа тэрбээр юуны өмнө гэр бүлийн жилийн орлого нь 300 мянган доллараас бага орлоготой оюутнуудын сургалтын төлбөрийг бүрэн төлөх, улмаар жилд 175 мянган доллараас бага орлоготой гэр бүлийн оюутнуудад амьжиргааны тэтгэмжийн нэмэлт зардал төлөх болсноо мэдэгджээ. Их сургуулийн захиргаа "Одоо суралцаж буй оюутнууд болон цаашид манай сургуульд элсэн орох оюутнуудын гуравны хоёр нь энэхүү хандиваас хүртэх боломжтой" гэж мэдэгдэв. М.Блүүмберг анагаахын сургуульд үнэ төлбөргүй боловсрол олгох зорилгоор ийм их хэмжээний мөнгө хандивлах болсон шалтгаанаа тайлбарлахдаа COVID-19 цар тахал дэгдсэний дараа Америкийн нийгэм эдийн засгийн хувьд асар хүнд байдалд орсныг дурдаад “Иргэдийн дундаж наслалт богиносч, эмч, сувилагч, нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудын хомсдол бий болсон нь анагаахын сургуулийн сургалтын төлбөр өндөр байгаатай холбоотой” хэмээн онцолсон байна. “Форбес” сэтгүүлийн дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын 12 дугаарт жагссан М.Блүүмберг нь үргэлж идэвхтэй хандивлагч байсаар ирсэн бөгөөд ялангуяа өөрийн төгссөн сургууль болох Жонс Хопкинс их сургуулийг тал бүрээр ивээн тэтгэж ирсэн ажээ. Тэрбээр 1965 онд цахилгааны инженерийн мэргэжлээр тус сургуулийг төгсөх үедээ өөрт нь тэтгэлэг олгож, суралцах сэдэл төрүүлэн үргэлж дэмжиж ирсэн төрөлх сургуульдаа талархсанаа илэрхийлж 5 доллар хандивлаж байжээ. Түүнээс хойш тус сургуультай байнга холбоотой байж мөнгөн хандив өргөсөөр 2018 онд хамгийн их буюу 1.8 тэрбум доллар хандивласан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.