Япон: Далайн усанд осолдсон эмэгтэй 36 цагийн дараа эсэн мэнд олджээ
Анд нөхдийн мэдээ
2024-07-14
Японы Шизүока мужийн далайн эрэг дээр усанд сэлж байгаад далайн давалгаанд туугдан ор сураггүй алга болсон 20 гаруй насны хятад бүсгүйг хоёр хоногийн дараа 80 км-ийн холоос эсэн мэнд олсон байна. NHK телевизийн мэдээлснээр, өнгөрсөн 8-ны оройн 20 цагийн орчимд тэрбээр найзтайгаа хамт усанд сэлж байгаад осолджээ. Японы эргийн хамгаалалтын алба осол болсон тухай дуудлага авангуут шуурхай эрлийн баг гарган эрж хайсан боловч олж чадалгүй 9-ний өдөр эрлээ зогсоосон аж. Харин 10-ны өглөөний 8.00 цагийн орчимд Чиба мужийн Ножимазаки боомт руу зорчиж явсан ачааны хөлөг онгоцны багийнхан бүсгүйг олж аварсан байна. Энэ нь анх осол болсон газраас 80 км-ийн зайтай байжээ. Уг эмэгтэй нэлээд цуцаж ядарч, шингэн их алдсанаас өөр ноцтой гэмтэлгүй, ухаан санаа саруул байжээ. Тэрбээр цагирган хөвөгч хоолойтой усанд сэлж байгаад давалгаанд түрэгдэн эргээс холдсоноо мэдээд даруй буцах гэсэн боловч нэгэнт оройтсон байсан тухай өгүүлсэн байна. Улмаар хөвөгч хоолойгоосоо салалгүй явсаар өдий хэрийн урт зам туулсан аж. Энэ тухайд Японы Ус судлалын нийгэмлэгийн ажилтан хэлэхдээ “Эмэгтэй далай дунд 36 цаг тэссэн нь гайхамшиг. Тухайн үед далайн усны температур 26 хэмийн дулаантай, мөн тэрбээр хөвөгч хоолойтой байсан тулдаа амьд гарчээ” гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.