Их Британийн шинэ Засгийн газар түүхэндээ хамгийн олон эмэгтэй сайдтай ажиллана
Анд нөхдийн мэдээ
2024-07-08
Их Британийн засгийн эрх барих болсон Хөдөлмөрийн намын дарга, шинэ ерөнхий сайд Кейр Стармер Засгийн газрын гишүүдээ танилцуулсан байдал олны анхаарал татаж байна. Тэрбээр сайд нараа “800 жилийн түүхэн дэх анхны эмэгтэй Сангийн сайд, “Цагаач гаралтай, хар арьст анхны Гадаад хэргийн сайд”, “Хорт хавдрыг ялан дийлсэн Эрүүл мэндийн сайд” гэх зэргээр танилцуулсан байна. Эдгээр улс төрчийн олонхын улс төрийн замналыг харвал тэд Их Британийн улс төрд ноёрхож ирсэн элитүүд биш, амаргүй амьдрал туулж мөрөөдлөө биелүүлсэн уугуул бус хүмүүс болохыг харж болно. Ажилчин ангиас гаралтай Кейр Стармер өөртэйгөө ижил төстэй зам туулсан хүмүүсээр танхимаа бүрдүүлэхийг илүүд үзэж байгаа тухай улс төр судлаачид онцолж байна. Түүнээс гадна шинэ ерөнхий сайдын кабинетын бас нэг онцлог нь хүйсийн харьцаа юм. Одоогоор зарласан Засгийн газрын 25 сайдын 11 нь эмэгтэй байгаа нь Их Британийн улс төрийн түүхэн дэх дээд амжилт ажээ. Тухайлбал Засгийн газрын хамгийн онцгой чухал албан тушаал гэгддэг Сангийн сайдын албанд банкны эдийн засагч асан хатагтай Рэйчел Ривзийг томилсон байна. Тэрбээр анхны эмэгтэй Сангийн сайдаар ажиллах болсон тухайгаа "Охид, эмэгтэйчүүдийн амбицад хязгаар байхгүй гэдгийг харуулах гэсэн юм" гэж хариулжээ. Түүнээс гадна Хууль зүйн сайд, Боловсролын сайд, Гадаад хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын албанд эмэгтэй улс төрч томилсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.