АНУ: Холливүүдийнхэн Жо Байденийг дэмжихгүй
Анд нөхдийн мэдээ
2024-07-05
АНУ-ын улс төрд Ардчилсан намыг хэзээнээс дэмжиж ирсэн Холливүүдэд Жо Байденийг ерөнхийлөгчийн сонгуульд ялна гэдэгт эргэлзэж байна. Тухайлбал “Walt Disney” компанийн өв залгамжлагч Абигэйл Диснэй ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг өөрчлөх хүртэл Ардчилсан намд хандив өгөхөө зогсоохоор шийдсэн тухай CNBC мэдээлэв. А.Диснэй энэ шийдвэрээ тайлбарлахдаа "Энэ бол Жо Байденийг үл хүндэтгэсэн явдал огт биш, харин асуудалд бодитоор хандаж буй хэрэг юм. Ж.Байден бол сайн улс төрч, улс орондоо хувь нэмрээ оруулсан хүн. Гэхдээ энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгууль түүнээс илүү чухал" гэжээ. Үүний зэрэгцээ тэрбээр дэд ерөнхийлөгч Камала Харрис Ардчилсан намаас нэр дэвшвэл ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж чадна гэж мэдэгдсэн байна. А.Диснэй бол “Walt Disney” компанийг үүсгэн байгуулагч Уолт Диснэйн ах Рой Диснэйн ач охин юм. Ардчилсан намыг санхүүгийн хувьд олон жил дэмжсэн тэрбээр баян хоосны ялгаа, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон асуудлаар байр сууриа идэвхтэй илэрхийлсээр иржээ. Мөн "Lost", "Watchmen" зэрэг олон ангит бүтээлд ажиллаж байсан кино зохиолч Дэймон Линделоф Ардчилсан намын дэмжигчдэд хандан Жо Байдений оронд өөр нэр дэвшигч гарч ирэх хүртэл мөнгө хандивлахаа зогсоохыг уриалсан байна. Өмнө нь “Netflix”-ийг үүсгэн байгуулагч Рид Хастингс мөн "Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч ерөнхийлөгч болж, Америкийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг хамгаалахын тулд Ж.Байден нэрээ татах ёстой" гэж мэдэгдэж байв. Р.Хастингс бол сүүлийн үед Ардчилсан намд сая сая доллар өгсөн томоохон хандивлагч юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.