images

Японы эрдэмтэд хиймэл цус бүтээжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-07-05


   Япон улсын эрдэмтэд ямар ч хүний биед таарах хиймэл цус бүтээсэн тухай NHK мэдээлэв. Тус улсын Нара мужийн Анагаах ухааны их сургуулийн профессор Хиромичи Сакаийн толгойлсон судалгааны баг ямар ч өвчтөнд сэлбэж болох хиймэл цус бүтээснээ зарласан бөгөөд удахгүй хиймэл цусны аюулгүй, үр дүнтэй эсэхийг баталгаажуулах эмнэлзүйн туршилтуудыг эхлүүлэх ажээ. Туршилт амжилттай болж практикт нэвтрүүлбэл цус сэлбэх, цусны хомсдол зэрэг асуудал бүрэн шийдэгдэнэ гэж үзэж байна. Судалгааны багийн гол анхаарлаа хандуулсан зүйл бол цусан дахь хүчилтөрөгчийг агуулсан цусны улаан эсийг хөгжүүлэх явдал байжээ. Хүний цусны улаан эсийг хөргөгчинд 4 долоо хоног хүртэл хадгалах боломжтой бол харин энэхүү хиймэл цусыг тасалгааны температурт 2 жил орчим, хөргөгчинд 5 жил хадгалах боломжтой аж. Судалгааг голлон хариуцсан профессор Масанори Мацүмото хэлэхдээ “Хиймэл цусыг ямар ч өвчтөн болон бэртэж гэмтсэн хүнд цусны бүлгээс үл хамааран хэрэглэх боломжтой. Хиймэл цус бий болгосноор залуучуудын дунд цусны донор буурч, хөгшрөлтөөс үүдэлтэй цусны хомсдол үүсч байгаа асуудлыг шийдвэрлэх гарц болно” гэжээ. Судалгааны баг эрүүл, насанд хүрсэн 16 хүн дээр эмнэлзүйн туршилт хийж эхлэх, 2030 онд хэрэглээнд оруулах зорилт тавин ажиллаж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.