images

Япон улс шинэ мөнгөн дэвсгэртийнхээ түүхий эдийг Балба улсаас авч байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-07-05


   Япон улс сүүлийн 20 жилд анх удаа шинэ мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гаргаж байгаа энэ үед тус улсын хэвлэлүүд хаа холын Гималайн уулс дунд орших Балба улсыг онцлох болсон байна. Учир нь, мөнгөн дэвсгэртийн түүхий эд болдог мицүмата буюу япон ялам модыг Балба улсаас импортолж байгаа юм. Япон ялам модны уугуул нутаг нь Гималайн нуруу боловч Японы Хёго, Токүшима, Окаяма зэрэг харьцангуй өндөр уулстай бүс нутгуудад ургадаг, холтос нь маш бат бэх бөгөөд 1879 оноос тус улс мөнгөн дэвсгэртдээ түүхий эд болгон ашиглах болсон байна. CNN-ийн мэдээлснээр уг мод нь цаас хийхэд хамгийн тохиромжтой ажээ. Гэвч уур амьсгалын өөрчлөлт, ялам мод тариалах хүн ховордсоноос болж үйлдвэрлэл жил ирэх тусам буурч байна. 1965 онд 3120 тоннд хүрч байсан ургацын хэмжээ 2021 онд ердөө 12 тонн болсон юм. Тиймээс жилд 100 тонн ялам модыг мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэхэд ашигладаг Япон улсын Засгийн газар хилийн чанадаас импортлох шийдвэр гаргажээ. Улмаар Япон улсын дэмжлэгээр Балба улсад ялам мод тариалаад буцаан худалдаж авах болсон байна. Энэ нь мөн Балба улсын эдийн засагт хувь нэмэр оруулж, ажлын байр бий болгож байгааг Японы хэвлэлүүд онцолжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.