Интерполын шинэ Ерөнхий нарийн бичгийн даргыг сонголоо
Анд нөхдийн мэдээ
2024-06-26
Бразил улсын Цагдаагийн газрын ажилтан Балдеси Уркиза Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполын шинэ Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдлоо. Францын Лион хотод болсон Интерполын Гүйцэтгэх хорооны ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульд тэрбээр найман орны санал авч ялсан байна. Ирэх 11 дүгээр сард Шотландын Глазго хотод болох Интерполын Ерөнхий Ассамблейн хурлаар батлагдвал Б.Уркиза хөгжиж буй орноос сонгогдсон анхны Ерөнхий нарийн бичгийн дарга болж, 2030 он хүртэл тус байгууллагыг удирдах юм. АНУ-ын Холбооны мөрдөх товчооны академийг төгссөн Б.Уркиза эдүгээ Бразилийн Холбооны цагдаагийн газрын олон улсын хамтын ажиллагааны албаны дарга, Интерполын Америк тивийг хариуцсан дэд даргаар ажиллаж байна. Тэрбээр шинэ албаныхаа талаар сэтгүүлчидтэй уулзаж ярилцахдаа “Энэ бол Бразилийн төвийг сахисан байр суурийг олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрсний үр дүн” гээд Интерполыг улс төрийн зорилгоор ашиглахгүй байх үүднээс олон улсын цагдаагийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай шинэчлэл хийж бэхжүүлэх бодолтой байгаагаа өгүүлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.