images

Жулиан Ассанж суллагдана

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-06-26


   “WikiLeaks” вэб сайтыг үүсгэн байгуулж АНУ-ын олон зуун мянган цэргийн болон дипломат албаны нууц баримт бичгийг цахим орчинд задруулж шуугиан дэгдээсэн Жулиан Ассанж суллагдахаар болсон тухай “Reuters” агентлаг мэдээлэв. АНУ-ын шүүхээс 62 сарын хорих ял авсан тэрбээр 2019 оноос хойш Английн Лондон хотын Белмарш шоронд хоригдсон юм. Иймд түүнийг ялаа бүрэн эдэлж дууссан тул төрөлх нутаг Австралид нь буцаах болсон байна. 2006 онд Австралийн иргэн Ж.Ассанжийн үүсгэн байгуулсан “WikiLeaks” вэб сайт нь 2010 онд Афганистан, Иракт террористуудыг устгах ажиллагааны үеэр АНУ-ын цэргийнхний бэлтгэсэн олон зуун мянган нууц баримт бичиг, мөн АНУ-ын Төрийн департаментын нууц баримт бичгүүдийг нийтэд дэлгэсэн юм. Үүний дараа тэрбээр АНУ-ын Засгийн газрын мөрдлөгөөс зугтаж Шведээр дамжин Их Британи дахь Эквадорын Элчин сайдын яаманд хэсэг орогносон. Элчин сайдын яам хамгаалалтаа цуцалсны дараа түүнийг 2019 онд Их Британид баривчилсан бөгөөд АНУ-ын прокурорууд Ж.Ассанжийг тагнуулын эсрэг хуулийн дагуу 18 зүйл ангиар буруутгасан юм. АНУ-ын Хууль зүйн яамны терроризмтой тэмцэх хэлтсийн ажилтан хэлэхдээ, "Ж.Ассанж хуваарь ёсоор өнөө өглөө 9.00 цагт шүүх хурлаар орж бүх шатны хуулийн процедур дууссаны дараа төрөлх нутагтаа буцна” гэв. Түүний эхнэр хуульч мэргэжилтэй Стелла бүсгүй X (хуучнаар Twitter) хуудсаараа дамжуулан нөхрөө суллагдаж байгаад баяр хүргэсэн үгс нийтэлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.