images

АНУ: Зам дээр унаж бэртсэн тамирчинд хотын захиргаанаас нь нөхөн төлбөр олгоно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-06-24


   Зам дээр унаж хөлөө гэмтээсний улмаас дахин гүйж чадахгүй болсон марафон гүйлтийн тамирчинд 13.1 сая долларын нөхөн төлбөр олгох шийдвэрийг АНУ-ын шүүхээс гаргалаа. Вашингтон хотын тангарагтны шүүх марафон гүйлтийн тамирчин Меттлер Олдын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу Сиэтл хотын захиргаа болон замын ойролцоох барилгын компанийг буруутай гэж үзэн дээрх шийдвэрийг гаргасан байна. Тэрбээр 2021 оны долоодугаар сарын 8-ны өдөр Сиэтл хотын Хатан Анна хорооллын Драверс гудамжаар явж байгаад бүдэрч унаснаас болж хөлийн булчингаа хүнд гэмтээжээ. Улмаар таван удаа хагалгаанд орсон ч эдгэрээгүй тул одоо хүртэл алхахад хүндрэлтэй байгаа хэвээр аж. Мөн бэртэл нь түүний мэргэжлийн дасгалжуулагч, марафон гүйлтийн тамирчны замналд шууд нөлөөлж, цаашид тэмцээнд оролцох боломжгүй болжээ. Тэрбээр “Бэртэл авснаас хойш 34 сар өнгөрсөн хэдий ч гэрийнхээ шатаар арайхийн өгсөж байна” гэсэн байна. Түүний бүдэрч унасан зам дээр ус ихээр тогтож, хөвд ургаснаас болж тэр хавьд амьдардаг өөр хэд хэдэн оршин суугч унаж бэртсэн тухай шүүхэд гомдол гаргаж байжээ. Шүүх барилгын компанийг зам засварын ажил хангалтгүй хийсэн хэмээн буруутгаж, нөхөн төлбөрийн 48 хувийг Сиэтл хотын захиргаа, 52 хувийг барилгын компани хариуцаж төлөх шийдвэр гаргасан аж. М.Олдын өмгөөлөгч "Хэрвээ хотын захиргаа болон барилгын компани явган хүний ​​замыг арчлах талаар санаа тавьсан бол ийм явдал болохгүй байсан” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.