АНУ: Ууланд төөрсөн эр 10 хоногийн дараа эсэн мэнд олдов
Анд нөхдийн мэдээ
2024-06-24
АНУ-д ууланд явж байгаад төөрч сураггүй болсон 30 гаруй насны эр 10 хоногийн дараа эсэн мэнд олдсон байна. Калифорни мужийн аврах албаны мэдээлснээр, Сан Франциско хотын өмнөд хэсэгт орших “Big Basin Redwoods” байгалийн цогцолбор газрын хадан ууланд сураггүй алга болсон гэх 34 настай Лукас Маклейшийг өчигдөр олжээ. Түүний аврал эрэн хашгирах чимээг сонссон аялагчид аврах албаныханд мэдээлэл өгснөөр нисгэгчгүй онгоцоор олон хоног хайсны эцэст ийнхүү олж аврав. Тэрбээр тус ууланд гайхамшигтай боржин чулуун хана байдаг гэж сонсоод түүнийг олж үзэхээр ганцаараа аялалд гарсан бөгөөд гар чийдэн, эвхдэг хутгаас өөр багаж зэвсэггүй явжээ. Уулын ойд замаа алдан төөрч будилж явахдаа горхины ус ууж, зэрлэг жимс түүж идэн өл залгуулж байсан бөгөөд ийм маягаар 10 хонохдоо 13.6 кг турсан байна. Уулын спорт сонирхдог Л.Маклейш хадан дээрээс халтирч унан хөлөө гэмтээж, ус хайн хэрэн бэдэрч явахдаа ихэд айж түгшиж байсан тухайгаа ярьжээ. Өдөр бүр тусламж гуйн хашгирч явсан бөгөөд төөрснөөсөө хойш яг арав дахь өдрөө нисгэгчгүй онгоц дээр нь эргэлдэхийг хараад амьд гарах итгэл төрсөн тухайгаа ярьсан байна. Одоо түүний биеийн байдал хэвийн, эмнэлэгт хэвтэн сувилуулж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.