Сансрын хаягдлаас болж хохирсон эр НАСА-гаас нөхөн төлбөр нэхэмжлэв
Анд нөхдийн мэдээ
2024-06-24
Тэнгэрээс унаж ирсэн сансрын хаягдлаас болж байшин нь эвдэрсэн америк гэр бүл НАСА-аас 80 мянган долларын нөхөн төлбөр нэхэмжилсэн тухай Их Британийн өдөр тутмын “The Guardian” сонин мэдээлэв. АНУ-ын “Cranfill Sumner” хуулийн фирм уг нэхэмжлэлийг Флорида мужийн Неаполь хотын иргэн Алехандре Отеро болон түүний гэр бүлийн нэрийн өмнөөс гаргасан тухайгаа мэдэгджээ. 2021 онд Олон улсын сансрын станцаас (ОУСС) унасан төмөр цилиндр хавтан сансар огторгуйд хөвж явсаар гурван жилийн дараа буюу энэ оны гуравдугаар сарын 8-нд А.Отерогийн байшин дээр унасан байна. Хүн бэртэж гэмтээгүй ч байшингийн дээвэр цөмөрч шал хүртэл эвдэрчээ. Гэрийн эзний хэлснээр тухайн үед бага насны хүү нь гэртээ байсан ч азаар эсэн мэнд үлдсэн байна. НАСА уг биетийг Кеннедигийн сансрын төвд аваачин шинжилж үзээд ОУСС-ын нислэгийг дэмжих төхөөрөмжөөс унасан болохыг баталжээ. Уг металл биетийн хэмжээ нь 10 см өргөн, 4 см урттай, жин нь 726 гр байжээ. А.Отеро НАСА-аас эд хөрөнгөд учирсан хохирлын нөхөн төлбөр, ажил тасалдсан, ослоос үүдэлтэй сэтгэл санааны хохирол зэргийг тооцож дээрх хэмжээний нөхөн төлбөр нэхэмжилсэн байна. Түүний өмгөөлөгч Мика Уорти "Хүн бэртэж гэмтээгүй нь аз юм” гээд энэ явдлаар дамжуулан сансрын хог хаягдлаас учирсан хохирлыг барагдуулах жишиг тогтоохыг хичээж байгаагаа хэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.