Франц: Ажил даалгалгүй сул цалин өгсөн гэж компаниа шүүхэд өгчээ
Анд нөхдийн мэдээ
2024-06-19
Франц улсын иргэн нэгэн эмэгтэй ажиллаж байсан компани нь өөрийг нь 20 жил огт ажил хийлгэхгүйгээр сул цалин өгсөн гэж зарга үүсгэн шүүхэд ханджээ. Түүнд огт ажил даалгахгүй байгаа нь ажлын байрны далд дарамт, ялгаварлан гадуурхалт гэж үзсэн тухай “Le Parisien” сонин мэдээлэв. Тус мэдээнд дурдсанаар Францын харилцаа холбооны “Orange” компанийн ажилтан Лоренс ван Вассенхове компани болон дөрвөн удирдах албан тушаалтнаа шүүхэд өгсөн байна. Шалтгаан нь эрүүл мэндийн байдалтай холбоотой ажлын байран дахь ёс зүйн дарамт, ялгаварлан гадуурхалт гэж тодотгосон бөгөөд сүүлийн 20 жилийн хугацаанд ажил даалгахгүгээр зөвхөн цалин өгдөг байсныг дурджээ. Төрөлхийн биеийн нэг тал нь саажилттай Лоуренс 1993 онд тус компанид ажилд орж, нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлжээ. Дараа нь одоогийн “Orange” компани “France Telecom” компанийг худалдаж авахад Лоуренсыг өөр салбарт шилжин ажилахыг санал болгосон байна. Харин шинэ ажлын газар нь түүнд амралт, өвчний чөлөө олгож, улмаар 2004 онд хөгжлийн бэрхшээлтэй гэсэн шалтгаанаар тэтгэвэрт гарахыг санал болгожээ. Лоуренс үүнийг хүлээж аваагүй тул компани түүнийг гэрээсээ ажиллахыг даалгасан байна. Тэр мөчөөс хойш тэрбээр 20 жилийн турш гэрээсээ ажилласан нэртэй гэртээ сууж, компани түүнд ямар ч ажил хуваарилалгүйгээр зөвхөн цалин олгосон аж. Үүнийг Лоуренс ажлаас гаргах зорилготой далд дарамт, ялгаварлан гадуурхалт гэж үзэж байна. Түүний өмгөөлөгч Дэвид Набе Мартин хэлэхдээ "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд ажил хийх нь нийгэмд байр сууриа эзлэх, хүлээн зөвшөөрүүлэх, нийгмийн харилцаа холбоог бий болгох давуу талтай. Компани хариуцлагаас мултрахын тулд л цалин өгдөг байсан" гэжээ. Харин компанийн зүгээс "Бид Лоуренсыг хамгийн сайн нөхцөлд ажиллуулах бүх арга хэмжээг авсан" гээд түүгээр зогсохгүй эрүүл мэндийн байдалд нь тохирсон эмнэлгийн болон нийгмийн халамжийн тэтгэмж олгосон болохоо мэдэгдэж эсэргүүцэл илэрхийлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.