Жорж Вашингтоны сууцнаас 250 жилийн өмнө хадгалсан жимс олджээ
Анд нөхдийн мэдээ
2024-06-18
АНУ-ын анхны ерөнхийлөгч асан Жорж Вашингтоны амьдарч байсан Маунт-Вернон сууцнаас 250 жилийн өмнө дарж хадгалсан сайн чанарын интоор жимс олдсон тухай “Associated Press” агентлаг мэдээлэв. Тодруулбал, сууцанд их засвар хийхийн өмнө археологичид судалгаа хийж үзсэн бөгөөд энэ үеэр газар дорх агуулахаас 35 лонхонд савласан жимс олдсон байна. 1775 оноос өмнө хадгалсан гэж үзэж буй эдгээр шилэн лонхны зургаа нь хагарч гэмтсэн ч үлдсэн 29 нь бүтэн, сайн хадгалагдсан байжээ. Эдгээрээс 12 шилэн лонхонд интоор жимс, 16 лонхонд үхрийн нүд, үлдсэн нэг том лонхонд интоор зэрэг олон төрлийн жимс савласан байжээ. Маунт-Вернонд ажилласан археологич Жейсон Берроуз хэлэхдээ 250 жил ийм төгс сайн хадгалагдсан хүнсний зүйл олдсон нь урьд өмнө тохиолдож байгаагүй гэдгийг онцолсон байна. Одоо АНУ-ын Хөдөө аж ахуйн яам эдгээр жимсэнд ДНХ-ийн шинжилгээ хийж, хамт олдсон интоорын үрийг тарьж ургуулж болох эсэхийг судалж байна. Яамны ургамлын генетикч Бенжамин Гутиеррез жимсийг хадгалахын тулд өөр бодис хэрэглэсэн эсэхийг тодорхойлох химийн туршилт хийж байгааг хэлжээ. Маунт-Верноны архиваас үзвэл Жорж Вашингтон болон түүний эхнэр Марта нар интоортой коньяк зооглох дуртай байсан бөгөөд хатагтай Мартагийн “Cherry Bounce” коктейлийн жор өнөөг хүртэл уламжлагдан иржээ. Вашингтон хотоос өмнө зүгт Потомак голын баруун эрэгт орших Маунт-Вернон нь анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны сууж байсан эдлэн юм. Тэрбээр 1747 оноос өөд болох хүртлээ тэнд амьдарчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.