Тэйлор Свифтийн аялан тоглолт арванхоёдугаар сард өндөрлөнө
Анд нөхдийн мэдээ
2024-06-18
Дуучин Тэйлор Свифт бүх цаг үеийн хамгийн өндөр орлого олсон "The Eras Tour" тоглолтоо арванхоёрдугаар сард өндөрлөхөө мэдэгдэв. “Washington Post” сонины мэдээлснээр, Т.Свифт Английн Ливерпүүл хотод хийсэн 100 дахь аялан тоглолтынхоо үеэр энэ тухай танилцуулсан байна. Тэрбээр "Энэ бол миний амьдралдаа хийсэн хамгийн амаргүй зүйл, бас хамгийн хөгжилтэй, үр өгөөжтэй аялал байлаа" гэжээ. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд АНУ-ын Аризона мужийн Глендейл хотод эхэлсэн "The Eras Tour" тоглолт очсон газар болгондоо үзэгчдээс өндөр үнэлгээ авч, дахин тоглох хүсэлт ихээр ирэх болсон тул АНУ, Канад, Өмнөд Америк, Ази, Австрали зэрэг орноор тоглосны эцэст Европт ирсэн байна. Тоглолтын цахим хуудсанд тавигдсан хуваариас харахад сүүлийн тоглолт 12 дугаар сарын 8-ны өдөр Канадын Ванкүүвэрт болох аж. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тасалбарын нийт орлого нэг тэрбум доллароос давж, бүх цаг үеийн поп оддын амжилтыг эвдсэн юм. Тоглолт болсон газар болгонд зорчигч тээвэр, зочид буудал болон бусад хэрэглээний зардлаар эдийн засгийн томоохон үр нөлөөг бий болгож "Swiftnomics" гэсэн шинэ нэр томьёо хүртэл бий болсон билээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр “United Airlines” компанийн Европ руу чиглэсэн нислэгийн зорчигчдын тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 45 хувиар өссөн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.