Орос Украины дайн зогсох уу?
Анд нөхдийн мэдээ
2024-06-17
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрөгч баасан гарагт "Хэрвээ Украин улс Оросын эзэлсэн нутаг дэвсгэрээс цэргээ гаргаж, НАТО-гийн гишүүнчлэлээс татгалзвал нэн даруй гал зогсоож, яриа хэлэлцээ хийнэ" гэсэн байна. ТАСС агентлагийн мэдээлснээр, В.Путин Гадаад харилцааны яамны хурал дээр хэлэлцээр хийх нөхцөлийн талаар танилцуулахдаа "Маргааш ч би Украинтай хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн" гэжээ. Тэрбээр "шинэ газар нутаг" хэмээн Орост нэгтгэсэн Украины зүүн болон зүүн өмнөд нутгийн Донецк, Луганск, Херсон, Запорожье мужуудаас Украины цэргүүдийг аюулгүй гаргах нөхцөлийг ч санал болгосон байна. Ингэхдээ "Хэрэв Украин дээрх бүс нутгуудаас бодитоор гарч, НАТО-д элсэх төлөвлөгөөнөөсөө татгалзвал бид даруй гал зогсоох хэлэлцээр эхлүүлэх болно” хэмээн онцолжээ. Мөн "Өнөөдөр бид тодорхой бөгөөд жинхэнэ энх тайванч саналыг дэвшүүлж байна" гээд түр зуурын гал зогсоох, эсвэл мөргөлдөөнийг зогсоох тухай биш, дайныг бүрэн зогсоох тухай яриа болохыг онцлов. Харин үүний хариуд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский гал зогсоох нөхцөлийн тухай В.Путины саналыг шууд няцааж, тэдэнд итгэх боломжгүй гэж мэдэгдээд түүний хэлсэн үгийг онилон "Энэ бол Гитлерийн хийдэг байсан үйлдэл" гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.