Сингапурын хөлбөмбөгчин гэнэт асар их хөрөнгөтэй болсны учир юу байв?
Анд нөхдийн мэдээ
2024-06-17
2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-д Ази тивийн гуравдугаар тойрогт Хятадын баг шалгарахад онцгой үүрэг гүйцэтгэсэн Сингапурын хөлбөмбөгийн шигшээ багийн хаалгач Хассан Сунни гэнэт асар их хөрөнгөтэй болжээ. Учир нь, Хятадын хөлбөмбөгийн шүтэн бишрэгчид талархал илэрхийлж Сингапур улс дахь “Dapur Hassan” малайз хоолны ресторан руу нь байнга мөнгө илгээх болсон байна. Энэ явдал сүүлдээ тоймоо алдаж цахим сүлжээгээр хэтэрхий их мөнгө ирэх болсон тул Х.Сунни Хятадын хөлбөмбөг сонирхогчдод хандан мөнгө илгээхээ зогсоохыг хүсчээ. Болсон явдлыг тодруулбал, ДАШТ-ий Ази тивийн хоёрдугаар шатны шалгаруулалтад Тайландын багтай хийсэн тоглолтод Сингапурын баг хожиж, ингэснээр Тайландын баг хасагдаж, Хятадын баг шалгарч үлдсэн байна. Хэрэв тайландууд хожсон бол Хятадын баг хасагдах байсан аж. Энэ тоглолтод Тайланд нийт 13 удаагийн ширүүн довтолгоо хийсэн ч Сингапурын хаалгач Х.Сунни 11 цохилтыг нь амжилттай хааж гавьяа байгуулсан юм. Ингэснээр Хятадын хөлбөмбөг сонирхогчид “Хөлбөмбөгийн шүтэн бишрэгчдийн чин сэтгэлийн талархал”, “Хятадын ард түмний хайр талархал” гэсэн утгатай мөнгө түүнд илгээх болсон нь энэ ажээ. Х.Сунни Сингапурын CNA телевизээр дамжуулан тэдэнд талархлаа илэрхийлж, бас санаа зовниж байгаагаа хэлсэн байна. Тэрбээр “Анхандаа хөгжилтэй байсан. Гэхдээ сүүлдээ энэ явдал хууль ёсны эсэхэд эргэлзэж эхэлсэн. Тиймээс үүнийг одоо зогсоомоор байна” гэжээ. Улмаар Хятадын шүтэн бишрэгчдэд талархаж буйгаа илэрхийлээд цаашид мөнгө илгээхгүй байхыг онцгойлон хүссэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.