images

Япон даяар алдартай “Шар доктор” тэтгэвэртээ гарав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-06-17


   Японы Шинкансэн өндөр хурдны төмөр зам нээгдэн ажиллаж эхэлснээс хойш төмөр замын шугам, вагоны аюулгүй байдал, эвдрэл гэмтэл, элэгдэл зэргийг хянан ажиллаж ирсэн “Шар доктор” нэртэй зүтгүүрийн машин тэтгэвэртээ гарч байгаа тухай NHK телевиз мэдээлэв. 1964 онд дэлхийн анхны гэж нэрлэгдэх өндөр хурдны “Шинкансэн” төмөр зам ашиглалтад ороход уг зүтгүүрийн машин ажиллаж эхэлсэн бөгөөд бусад галт тэрэгнээс ялгахын тулд шар өнгөөр будсан тул яваандаа “Шар доктор” нэр авчээ. Яг л эмчийн үүрэг гүйцэтгэж төмөр замын аюулгүй байдлын манаанд өдөр шөнөгүй ажиллаж ирсэн энэ хяналтын зүтгүүрийг бараг хүн бүр мэддэг болсон аж. Одоогоор Шар доктор Токио болон Хаката өртөөний хооронд сард гурван удаа явж 1100 км замыг туулдаг бөгөөд ажилладаг цагийн хуваарь нь олон нийтэд нээлттэй байдаггүй учраас япончуудын дунд “Шар доктортой таарвал аз тохионо” гэсэн нийтлэг ойлголт бий болжээ. Тухайлбал, нэгэн эр “Хэдэн жилийн өмнө 80 гарсан настай аав минь хүнд хагалгаанд орохоор гал тэргээр нийслэл хотыг зорихдоо азаар Шар доктортой таарсан юм. Аав минь үүндээ ихэд бэлэгшээж, хагалгаа ч амжилттай сайн болсноор одоо ч эрүүл чийрэг аж төрж байна” гэж ярьсан байна. Өртөөн дээр Шар доктор үзэгдэхэд зорчигчид учиргүй ихээр баярладаг гэнэ. Мөн нэгэн цахим хэрэглэгч Шар докторын ачаар төмөр замаар сэтгэл амар зорчиж ирснээ хэлж “Эрхэм доктор та төмөр замын музейд морилж үлдсэн насаа амар тайван өнгөрөөнө үү” гэсэн байна. Төмөр замын компани Шар докторын дурсамжийг агуулсан дурсгалын эд зүйлс худалдаанд гаргахаар болсноо мэдэгджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.