Тайланд: Гудамжинд гуйлга гуйхыг хориглов
Анд нөхдийн мэдээ
2024-06-14
Тайландын засгийн газар аялал жуулчлалын алдартай газруудад гуйлга гуйдаг хүмүүстэй тэмцэх арга хэмжээг чангатгах шийдвэр гаргасан тухай “South China Morning Post” сонин мэдээлэв. Нийгмийн хөгжил, халамжийн сайд Бараут Силпа-Арча нийслэл Бангкок болон ажуулчид олноор ирдэг газруудад гуйлга гуйж буй хүмүүс сард гурван мянга орчим долларын орлого олдог болохыг онцлоод, цаашид гудамжинд гуйлга гуйх явдлыг хориглож, гадаадын жуулчдад хандан гуйлгачдад мөнгө өгөхгүй бахыг уриалсан байна. Хэрэв гуйлга гуйж байгаад баригдвал нэг сар хүртэл хугацаагаар хорих, эсвэл 10 мянган баттын (ойролцоогоор 300 доллар) хүртэл торгууль ногдуулахаар болжээ. Жуулчдын тоо нэмэгдэхийн хэрээр сүүлийн үед хүүхэд, тэжээвэр амьтад дагуулсан гуйлгачид олшрох болсон байна. Бангкок хотын Самут Пракан зах дээр охинтойгоо хамт гуйлга гуйж байсан камбож эмэгтэйг орон нутгийн цагдаа нар саатуулан шалгахад тэрбээр өдөрт доод тал нь 3,000 бат (ойролцоогоор 100 доллар) олж, тус улсад хууль бусаар амьдарч байсан болохыг тогтоожээ. Тус улсад сүүлийн 10 жилийн хугацаанд 7000 орчим хүн гуйлга гуйж байгаад баригдсаны 30 хувь нь гадаадын иргэд байсан бөгөөд тухайлбал, хөрш зэргэлдээ Камбож улсын иргэд хууль бусаар орж ирэн гуйлга гуйх явдал ихэссэн тухай холбогдох албаны хүн мэдээлсэн байна. Иймээс Засгийн газар гадаадын иргэдийг албадан гаргаж, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах сургалтад хамруулахаар болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.