Их долоо: Оросын битүүмжлэгдсэн хөрөнгөөс Украинд олгоно
Анд нөхдийн мэдээ
2024-06-13
Их долоон гүрний удирдагчид энэ оны эцэс гэхэд Оросын эзэмшлийн битүүмжилсэн хөрөнгөөс 50 тэрбум доллар гаргаж Украинд олгохоор тохиролцсон тухай AFP агентлаг мэдээлэв. Европын холбооны орнуудад битүүмжилсэн Оросын 300 тэрбум еврогийн хөрөнгийн хүүгийн орлогоос Украинд зээл олгох тухай асуудлыг их гүрнүүд хэлэлцсээр ирсэн юм. Гэвч яг ямар хэлбэрээр зарцуулах, эргэн төлөлтийн баталгаа зэрэг асуудлаар санал зөрөлдөж тодорхой шийдэлд хүрэлгүй өнөөг хүрсэн байна. Үүний зэрэгцээ Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак Их долоогийн дээд хэмжээний уулзалтын үеэр Украинд 242 сая паундын тусламж шинээр үзүүлэх төлөвлөгөөг танилцуулахаар төлөвлөж байгаа тухай ажлын албанаас нь мэдээллээ. Энэ талаар Р.Сунак “Энэ мөнгө нь яаралтай тусламж, эрчим хүч тогтворжуулах хэрэгцээг хангаж, эдийн засаг, дэд бүтцийн сэргэлтийн үндэс суурийг тавих болно" гэсэн байна. Мөн Их Британи улс өнөөг хүртэл Украинд амласан цэрэг, хүмүүнлэг, эдийн засгийн тусламжийн хэмжээ 12.7 тэрбум паунд болсныг тэмдэглэжээ. Р.Сунак "Бид Украиныг дэмжиж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хууль бус дайныг зогсоохын тулд шийдэмгий, бүтээлч байх ёстой" гэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.