АНУ-ын Конгресс: Төвөд дэх Хятадын статус квог хүлээн зөвшөөрөхгүй
Анд нөхдийн мэдээ
2024-06-13
АНУ-ын Конгресс Төвөд бол Хятадын нутаг дэвсгэр мөн гэсэн агуулгад эргэлзээ үүсгэсэн хуулийн төслийг баталсан тухай Хонконгийн “South China Morning Post” сонин мэдээлэв. Тус мэдээнд дурдсанаар хуулийн төслийг Ардчилсан намын төлөөлөгч, сенатор Жефф Меркли санаачилж, өнгөрсөн сард Сенатаар баталсан тул одоо Ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зурахыг хүлээж байна. Хуулийн төслийн гол агуулга нь Төвөд бол эрт дээр үеэс Хятадын нутаг дэвсгэр байсан гэдэг Бээжингийн бодлогыг үгүйсгэсэн утгатай ажээ. АНУ-ын Төрийн департамент Төвөдийг Хятадын нэг хэсэг гэж үздэг ч уг хуулийн төслийг баталсан АНУ-ын хууль тогтоогчид Хятадын коммунист нам Түвдийг эзэлсэн нь олон улсын хууль тогтоомжид нийцээгүй гэсэн байр суурьтай байгааг тус сонин онцолжээ. Улмаар ард түмний шашин шүтлэг, соёл, хэл, түүх, ахуй, байгаль орчноо хамгаалах асуудлыг төвөдүүд өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж үзсэн байна. БНХАУ байгуулагдсаны дараа жил буюу 1950 онд Хятадын Ардын чөлөөлөх арми Төвөдийг хүчээр өөртөө нэгтгэсэн юм. 1959 онд Төвөд даяар тусгаар тогтнолын төлөө томоохон бослого дэгдэж, бослогыг дарах явцад олон хүний амь хохирсон. Ингээд Далай лам Энэтхэг рүү дүрвэн гарсан билээ. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Гадаад харилцааны хорооны дарга Майкл Макколл "Хоёр намын баталсан хуулийн төсөл нь Төвөд дэх Хятадын статус квог хүлээн зөвшөөрөхгүй гэсэн утга агуулж буй" гэдгийг онцолжээ. Харин Ерөнхийлөгч Ж.Байден уг хуулийн төсөлд гарын үсэг зурах эсэх нь тодорхойгүй байгаа юм. АНУ-ын Конгрессын энэ алхамд Хятад улс таагүй байгаагаа илэрхийлсээр байна.
Эх сурвалж: "Yonhap news" агентлаг
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.