images

Итали: “Bulgari” брэндийн үнэт эдлэлийн дэлгүүрт хулгай оржээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-06-12


   Италийн Ром хотын аялал жуулчлалын төвлөрсөн газарт орших “Bulgari” брэндийн үнэт эдлэлийн дэлгүүрт хулгай гарчээ. Тус улсын “Corriere della Sera” сонины мэдээлснээр өнгөрөгч бямба гарагийн шөнө гурван хулгайч дэлгүүрт нэвтэрч, хамгийн багадаа 500 мянган еврогийн үнэ бүхий үнэт эдлэл, цаг хулгайлаад зугтсан байна. Цагдаа нарын мэдээлснээр тэд худгийн нүхээр газар доогуур орж, бохирын хонгилоор хэдэн зуун метр замыг туулан, дэлгүүрийн яг доороос ухаж нүхлэн нэвтэрсэн аж. Гэмт этгээдүүд дэлгүүрт орсон хойно дохиоллын систем ажиллаж, цагдаагийн эргүүлийн машин долоон минутын дотор ирээд хаалга онгойлгож орох гэж дөрвөн минут алджээ. Харин гэмт этгээдүүд 11 минутын дотор эд зүйлс аван зугатаж амжсан байна. Дээрх сонины мэдээлснээр хулгайч нар Треви усан оргилуурын доогуур урсдаг бохирын хонгилоор дамжин дэлгүүрийн яг доор очин хэдэн өдрийн турш нүх ухсан ажээ. Энэ тухайд Британийн өдөр тутмын “The Telegraph” сонин Холливүүдийн "Ocean's Eleven" киног санагдуулам явдал гэсэн байна. Италийн "Bulgari" брэнд нь Францын "Cartier", "Van Cleef & Arpels", Нью-Йоркийн "Tiffany & Co" зэрэг дэлхийн үнэт эдлэлийн шилдэг дөрвөн брэндийн нэгд тооцогддог юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.