АНУ: Рестораны захиалгыг дамлан борлуулдаг явдлыг зогсоов
Анд нөхдийн мэдээ
2024-06-11
АНУ-ын Браун их сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан Алекс Эйслер Нью-Йоркийн хамгийн алдартай ресторануудад зоог барих захиалга зарж ихээхэн ашигтай ажиллаж байгаа тухай NBC телевиз мэдээлэв. Тэрбээр итали хоолны "Дон Анги", "Карбон" зэрэг захиалга ихтэй газруудын ширээг урьдчилан захиалж аваад хүмүүст дамлан борлуулдаг бөгөөд өнгөрсөн 19 сарын хугацаанд энэ ажлаараа 10 мянган долларын ашиг олсон байна. Хүмүүс хүссэн газраа хооллохын тулд мөнгө харамладаггүй болохыг энэ үйлчилгээ харуулж байна гэж тус телевиз мэдээлэв. Нью-Йорк хотод л гэхэд үнэтэй ресторануудын захиалга ямагт дүүрсэн байдгийг ажигласан овсгоотой залуу ширээ захиалаад цааш үнэ нэмэн борлуулах болжээ. Манхэттэн дэх орчин үеийн урлагийн музейн дэргэд байрладаг “The Polo Bar” рестораны ширээний захиалга саяхан 650 доллар хүрчээ. Үүнийг дагаад рестораны захиалгыг нээлттэйгээр худалддаг сайт бий болж, харин захиалгыг дамлан худалдах биш үйлчлүүлэгчдийн ресторанд төлдөг мөнгөний 20-30 орчим хувийг шимтгэл болгон авдаг болсон байна. “The Washington Post” сонины мэдээлснээр тус сайт өнгөрсөн жил дэлхийн 350 том хотын 375 мянга гаруй рестораны захиалгаар 6 сая орчим долларын борлуулалт хийжээ. Энэ явдал хэт хавтгайрч сүүлдээ хоолны газрын цэсэн дээрх үнээр хооллох боломжгүй болж эхэлсэн тул Нью-Йорк мужийн захиргаа арга хэмжээ авч рестораны захиалгыг гуравдагч этгээдэд худалдсан тохиолдолд 1000 доллар хүртэл торгууль ногдуулах хуулийн төслийг баталсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.