Эдийн засаг буурсан үед уруулын будгийн борлуулалт нэмэгддэгийн учир юу вэ?
Анд нөхдийн мэдээ
2024-06-11
АНУ-ын судлаач мэргэжилтнүүд улс орны эдийн засгийн уналт болох үед уруулын будгийн борлуулалт эрс нэмэгддэг гэсэн сонин дүгнэлт хийсэн тухай CNN мэдээлэв. Учрыг тодруулбал ихэнхдээ өрхийн мөнгө санхүүг захиран зарцуулдаг эмэгтэйчүүд эдийн засаг хүндэрсэн үед байр, автомашин, тавилга гэх мэт удаан эдэлгээтэй үнэтэй бараа худалдаж авахаас татгалзаж, гоо сайхны бүтээгдэхүүн, тэр дундаа уруулын будаг зэрэг өдөр тутмын хэрэглээний хямд бүтээгдэхүүнд мөнгөө зарцуулдаг ажээ. Сүүлийн үед АНУ-д энэ үзэгдэл анзаарагдах болсон байна. Гоо сайхны бүтээгдэхүүний “Sephora” компанийн энэ жилийн уруулын будгийн борлуулалт түүхэн дээд амжилт тогтоожээ. Мөн зах зээлийн судалгааны “Circana” компанийн мэдээлснээр, энэ оны эхний улиралд уруулын будгийн борлуулалт 9 хувиар өссөн байна. “Lipstick effect” гэж нэрлэгдсэн энэ сонин ойлголт АНУ-ын эдийн засгийн их хямралын үед анх ажиглагдсан бөгөөд 1929-1933 оны хооронд тус улсын аж үйлдвэрлэл хоёр дахин буурсан ч гоо сайхны бүтээгдэхүүний борлуулалт эсрэгээрээ өссөн үзүүлэлт гарчээ. Дэлхийн гоо сайхны “Estee Lauder” брэндийн тэргүүн Леонард Лаудерийн ажигласнаар 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагын дараа уруулын будгийн борлуулалт 11 хувиар өссөн бол 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын үеэр бас л нэмэгдсэн байдаг. Ийнхүү гоо сайхны бүтээгдэхүүн, ялангуяа уруулын будгийн борлуулалт нь эдийн засагтай урвуу хамааралтай байдгийг тогтоожээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.