Владимир Путин Хойд Солонгос, Вьетнамд айлчилна
Анд нөхдийн мэдээ
2024-06-11
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сард Хойд Солонгос, Вьетнамд айлчлахаар төлөвлөж байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлэв. БНАСАУ-д суугаа ОХУ-ын Элчин сайд Александр Мацегора “Ведомости” сонинд өгсөн ярилцлагадаа “Ерөнхийлөгч В.Путиний айлчлалын бэлтгэл ажил хэвийн явж байна” гэжээ. В.Путин өнгөрсөн оны есдүгээр сард Оросын Алс Дорнод дахь Восточный сансрын буудалд болсон Хойд Солонгос-Оросын дээд хэмжээний уулзалтын дараа Ким Жон Унаас Пёньянд айлчлах урилга хүлээн авсан юм. 2022 онд Украины дайн эхэлснээс хойш Орос улс барууны хоригт орж, олон улсын хамтын нийгэмлэгээс тусгаарлагдах эрсдэлтэй тулгарсан тул Хойд Солонгостой харилцаагаа идэвхжүүлэх болсон билээ. 2000 онд БНАСАУ, ОХУ-ын хооронд байгуулсан "Найрамдал, сайн хөрш, хамтын ажиллагааны гэрээ"-нд цэргийн интервенцийн талаар тусгаагүй ч энх тайван, аюулгүй байдалд заналхийлсэн нөхцөлд холбогдох хэлэлцүүлгийг хийх боломжийг тусгасан байна. Мөн Украины дайны улмаас Орост ажиллах хүчний хомсдол үүсч байгаа энэ үед Хойд Солонгосын цагаач ажилчдыг ажиллуулах төлөвлөгөөг хэлэлцэж магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Вьетнамд хийх айлчлалын тухайд өнгөрсөн гуравдугаар сард В.Путин Вьетнамын коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронгтой утсаар ярихдаа айлчлалын саналыг хүлээн авсан юм. Тэрбээр өмнө нь тус улсад дөрвөн удаа айлчилсан бөгөөд хамгийн сүүлд 2017 оны 11 дүгээр сард Вьетнамд болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) дээд хэмжээний уулзалтад оролцсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.