images

Жорж Клүни ерөнхийлөгчийн талд орох уу, эхнэрийнхээ талд орох уу?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-06-07


   Холливүүдийн жүжигчин Жорж Клүни Ерөнхийлөгч Жо Байден болон өөрийн эхнэр, олон улсын хүний ​​эрхийн хуульч Амаль Клүни нарын хэнийх нь талд орохоо мэдэхгүй хүнд байдалд ороод байгаа тухай “The Washington Post” сонин мэдээлэв. Олон улсын эрүүгийн шүүх өнгөрсөн сарын 20-ны өдөр Израиль болон ХАМАС бүлэглэлийн удирдагчдыг баривчлах хүсэлт гаргасан бөгөөд Ж.Байдений засаг захиргаа үүнд шүүмжлэлтэй хандаж, харин эхнэр, нөхөр хоёр эсрэг байр суурьтай байна. Ж.Клүни бол Ж.Байденийг идэвхтэй дэмжиж, дахин ерөнхийлөгчөөр сонгогдох ёстой гэж үзэж байгаагаа тал бүрээр илэрхийлсээр ирсэн юм. Харин Олон улсын эрүүгийн шүүхийн мэдэгдлийн дараа түүний эхнэр Амаль "Энэ түүхэн шийдвэрийг би дэмжиж байна" гээд "Прокурорууд дайны гэмт хэрэг үйлдсэн нотлох баримтыг хянаж, хууль зүйн дүгнэлт гаргах нь зүйтэй” гэж мэдэгдсэн байна. Хэрэв АНУ-ын Засгийн газар Олон улсын эрүүгийн шүүхэд хориг арга хэмжээ авбал тус байгууллагын шийдвэрийг дэмжиж байсан Амаль буруутан болох магадлалтай. АНУ нь ОУЭШ-ийн гишүүн биш юм. Ж.Клүни бол жүжигчин Роберт Де Нирогийн нэгэн адил Ж.Байденийг тууштай дэмжсээр ирсэн бөгөөд 2020 оны сонгуулиар түүнд 500 мянган доллар хандивлаж, мөн долоон сая гаруй долларын хандив босгожээ. Тэрбээр энэ сарын 15-нд Лос-Анжелес хотод болох хандивын томоохон арга хэмжээнд оролцохоор төлөвлөж байгаа бөгөөд үүнд Ж.Байден, Барак Обама, жүжигчин Жулиа Робертс, Жимми Киммел нар оролцох аж. 2014 онд Ж.Клүнитэй гэрлэсэн Амаль ливан гаралтай, хүний ​​эрхийн хуульч бөгөөд нөхрөөсөө 17 насаар дүү юм. Ж.Байден олон нийтийн өмнө Ж.Клүнийг магтаж, түүнийг "Амалийн нөхөр" хэмээн дотночлон дууддаг байжээ. Цаашид алдарт жүжигчин ямар шийдвэр гаргах нь тодорхойгүй байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.