images

Парис: Орон гэргүй хүмүүсийг хотоос албадан гаргажээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-06-04


   Парисын Олимпын өмнөх бэлтгэл ажлын хүрээнд олон мянган орон гэргүй хүмүүсийг хотоос албадан гаргасан тухай “The Guardian” сонин мэдээлэв. Тус хотод Олимп зохион байгуулахыг эсэргүүцэж, нийгэмд үзүүлэх нөлөөллийн талаар сэрэмжлүүлсээр ирсэн "The Back of the Medal" бүлгэм энэ тухай мэдээлэл хийж, албадан гаргасан хүмүүсийн дунд орогнол хүсэгчид болон хүүхдүүд олноор байсныг дурдсан байна. Мөн биеэ үнэлэгч, хар тамхинд донтогчдыг үүнд хамруулсан нь тэднийг эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжгүй болгож байна хэмээн шүүмжилжээ. Парис хотод хаа сайгүй бий болоод байсан майхан оромжуудыг албадан буулгах ажлыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлүүлэн, сүүлийн 13 сарын хугацаанд 12500 хүнийг хотын бүсээс гаргасан байна. Хотын дарга Анн Хидалго Парисын гудамжинд амьдарч байгаа 3600 хүнийг орон байраар хангах төлөвлөгөө гаргаж, дэмжлэг үзүүлэхийг Засгийн газраасаа хэдэн жил дараалан хүсч байгаагаа хэлээд, хотын захиргаа энэ ажилд хэр хэмжээнээсээ давсан хүчин чармайлт гаргаж байгаа гэж мэдэгдсэн байна. Парис хотын Олимп хариуцсан орлогч дарга Пьер Рабадан өнгөрсөн дөрөвдүгээр сард хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, гол асуудал нь Олимп биш харин гудамжинд амьдарч буй хүмүүсийн тоо юм гэдгийг онцлон хэлж байсан юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.