Конгрессийн гишүүн үг хэлж байхад ард нь хүү нь сахилгагүйтжээ
Анд нөхдийн мэдээ
2024-06-04
АНУ-ын Конгрессийн гишүүн, Бүгд найрамдах намын төлөөлөгч Жон Рөүз Конгресст таван минут үг хэлж, намаасаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Дональд Трампыг дэмжиж буйгаа илэрхийлсэн нь телевизийн шууд нэвтрүүлгээр гарчээ. Харин энэ үед түүний ард сууж байсан зургаан настай хүү нь хөгжилтэй царай гаргаж саваагүйтсэн нь аавынх нь үгээс илүү олны анхаарал татаж, үзэгчдийг хөгжөөжээ. Ж.Рөүз "Трампыг гэм буруутайд тооцсон муухай жишигт хүмүүсийг анхаарлаа хандуулаасай гэсэндээ би энд зогсож байна" гэх мэтээр үгээ хэлж эхлэхэд Гаи хүү инээмсэглэн камер луу ширтэж байснаа нүдээ томруулан хэлээ гаргаж, гараараа дохих зэргээр сахилгагүйтэж эхэлжээ. Удалгүй халааснаасаа тоглоом гаргаж ирэн тоглосон байна. Энэ тухай “The New York Times” сонин мэдээлэхдээ "Конгрессийн гишүүний чин сэтгэлийн ярианы хамгийн дурсамжтай хэсэг нь түүний үг биш, хүүгийнх нь томоогүй үйлдэл байлаа” гэв. Гишүүн үгээ дуусгаад буусан хойноо цахим сүлжээнээс бичлэгээ хараад, өөрөө биш хүү нь олны анхаарлын төвд байсныг мэджээ. Тэрбээр цахим хуудсандаа "Хүүгээ камер руу инээмсэглэж дүүтэйгээ мэндчилээрэй гэж хэлсэн маань түүнийг ийм үйлдэл хийхэд хүргэжээ” гэсэн товч тайлбар хийсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.