Тэрбумтан Р.Мердок 93 насандаа тав дахь удаагаа гэрлэв
Анд нөхдийн мэдээ
2024-06-04
Австрали, Английн хэвлэлийн магнат Руперт Мердок 93 насандаа дахин шинэ амьдрал эхлүүлэв. Тэрбээр биологич мэргэжилтэй, 67 настай Елена Жукова хэмээх орос эмэгтэйтэй гэрлэснийг өөрийнх нь мэдлийн "The Sun" сонин өчигдөр мэдээлж гэрэл зургийг нь нийтэлжээ. Зөвлөлтийн үед Москвад их сургууль дүүргэж микробиологич мэргэжил эзэмшсэн Е.Жукова 1991 онд АНУ-д цагаачилсан бөгөөд Техасын анагаах ухааны коллеж, Калифорнийн их сургуульд судалгааны ажил хийж байжээ. Түүний охин Дарья Жукова 2005 онд Оросын тэрбумтан Роман Абрамовичтай гэрлэж 11 жилийн дараа салсан юм. Д.Жукова улмаар Грекийн тэрбумтан Ставрос Ниархостой гэрлэсэн бөгөөд өнгөрсөн зун тэдний гэр бүлийн үдэшлэг дээр ирсэн ээж Елена нь Р.Мердоктой танилцсан гэнэ. Тэд танилцсанаасаа хойш тун удалгүй сүй тавьснаар ийнхүү хуримаа хийжээ. Р.Мердок бол Америкийн "Wall Street Journal", "New York Post", "Fox News", Их Британийн "The Sun" зэрэг хэвлэл мэдээллийн томоохон хэрэгслүүдийг эзэмшдэг “News Corporation” группийн эзэн юм. Тэрбээр анх 1956 онд загвар өмсөгч Патрисиа Бүүкертэй гэрлэж арваад жил хамт амьдраад 1967 онд салсан байна. 2016 онд Р.Мердок “Rolling Stones” хамтлагийн гоцлол дуучин Мик Жаггерын эхнэр байсан, загвар өмсөгч Жерри Холлтой гэрлэсэн нь түүний дөрөв дэх гэрлэлт байв. 2022 онд гэр бүлээ цуцлуулсны дараа жил тэрбээр цагдаагийн офицер Энн Смиттэй сүй тавьсан боловч хэдхэн хоногийн дараа гэнэт цуцалжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.