Тянаньмэний баатар "Tank Man"-ий зургийг хэн авсан бэ?
Анд нөхдийн мэдээ
2024-06-04
1989 оны зургаадугаар сарын 5-ны өдөр Бээжингийн төв талбайд эсэргүүцлийн жагсаал болж, маргааш өдөр нь Хятадын арми талбайд танктай орж ирсэн билээ. Энэ үед нэгэн зоригт эр ганцаараа танкны цувааны өөдөөс очиж замыг нь хаан зогссон юм. Хожим нь түүнийг "Tank Man" гэж нэрлэх болсон бөгөөд, Тянаньмэний талбайд болсон эсэргүүцлийн бэлгэ тэмдэг, орчин үеийн Хятадын түүхэн дэх эрх чөлөөний бэлгэдэл болсон юм. 1998 онд "Time" сэтгүүл түүнийг "ХХ зууны хамгийн нөлөө бүхий 100 хүн"-ий нэгээр шалгаруулсан байна. “Tank Man”-ий гэрэл зургийг авсан хүн бол Бээжингийн нэгэн зочид буудлын тагтан дээрээс үйл явдлыг камертаа буулгасан гадаадын сэтгүүлч байв. Тухайн үед Хятадын Засгийн газар Тянаньмэний хэрэг явдлыг олон улсад задруулахгүй байхыг хичээж, тусгай албаныхан гадаадын сурвалжлагчдын байрласан зочид буудлуудыг хянаж байжээ. AP агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч Жефф Виденер энэ зургийг Хятадад сурч байсан солилцооны оюутны тусламжтайгаар авч, зургийн хальсаа дотуур хувцсандаа нуун зочид буудлаас гарч чадсан юм. Өөр нэг гэрэл зургийн сурвалжлагч Чарли Коул мөн үйл явдлын зургийг буулгасан хальсаа гялгар уутанд боож, угаалгын өрөөний усны саванд нуужээ. Улмаар хальсаа “Associated Press” агентлагийн Токио дахь товчоо руу илгээж чадсан байна. Харин "Tank Man"-ий хэн болох, одоо амьд байгаа эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа юм. Түүнийг Ван Вэй Лин гэдэг байсан бөгөөд хожим Тайвань руу гарсан гэх яриа байдаг ч өнөө хэр батлагдаагүй билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.