images

Финланд: Номын сангаас уншихаар авсан ном 84 жилийн дараа эргэж ирэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-06-04


   Финландын нийслэл Хельсинки хотын төв номын сангаас 1939 онд гадуур уншихаар авсан нэгэн номыг өнгөрсөн сарын 27-нд буюу 84 жилийн дараа эргүүлж өгчээ. Энэ ном нь фин хэлээр орчуулж гаргасан Их Британийн зохиолч Артур Конан Дойлын "The Refugee" роман байсан бөгөөд зохиолд Францын XIV Людовик хааны үеийн үйл явдал гардаг аж. Ийнхүү олон жилийн дараа буцаж ирсэн уг романы хавтсан дотор ном зээлдүүлэх карт байсан ба буцаан өгөх өдрийг 1939 оны 12 дугаар сарын 27 гэсэн байв. Номын сангийн ажилтан Хани Странд "Хэдэн арван жилийн дараа ном буцаж ирэх тохиолдол байдаг бөгөөд ихэнхдээ нас барсан хүний ​​эд зүйлс дундаас үр хүүхдүүд нь олж номын санд буцааж өгдөг” гэжээ. Харин энэ номыг хэн авчирч өгсөн нь тодорхойгүй байна. 1939 оны 11 дүгээр сарын 30-нд ЗХУ Финланд руу довтолсоноор дэгдсэн дайн 1940 оны гуравдугаар сарын 13-ны өдөр хүртэл үргэлжилсэн юм. Номыг хугацаанд нь эргүүлж өгөөгүйн шалтгаан уг дайнтай холбоотой байсан байж болох тухай номын сангийн ажилтан хэлжээ. Хельсинкийн төв номын сангийн журам ёсоор номыг хугацаа хоцроосон тохиолдолд 6 еврогийн торгууль төлдөг байна. Харин дээрх роман номын сангийн цахим системд ороогүй байсан тул торгууль тооцохгүй гэдгийг номын сангийн албаны хүн хэлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.